Их Британид коронавирусийг хэдхэн секундын дотор илрүүлдэг оношлуур бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-02 08:39:56

ЛОНДОН. /BBC/. Тун удахгүй коронавирусний халдварт өвчнийг хэдэн цагийн дотор бус хэдхэн секундын хугацаанд илрүүлдэг оношлуур бий болж магадгүй байгааг туршилт харуулжээ. Коронавирусийг бүтэн оношлоход хэдхэн минутыг зарцуулах аж.


Вэльст бүтээсэн энэхүү оношлуур нь коронавирусийг амьсгалаар илрүүлж, тус өвчнийг хоромхон зуурын хугацаанд амьсгалын замын бусад халдварт өвчнөөс ялгах аж. Шинэ оношлуурын туршилтыг Шотланд, Германд явуулж, үр дүнг нь “Lancet” сэтгүүлд нийтэлжээ.


Шаардлагатай санхүүжилтийг олговол оношлуурын багаж 6 сарын дараа хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болно хэмээн тус оношлуурыг хөгжүүлэгч “Imspex Diagnostics” компани мэдэгдсэн байна. “Агшин зуурын энэхүү оношлуурыг эмнэлэгт төдийгүй янз бүрийн нөхцөлд ашиглах боломжтой юм гэж тус компанийг үүсгэн байгуулагч Санти Домингес мэдэгджээ. 


“Ерөнхийдөө тээврийн хэрэгсэлд болон цагаачидтай ажиллах үед энэхүү оношлуурыг ашиглах боломжтой гэж бид харж байгаа. Амьсгалаас дээж авахад хурдан байдгаас гадна оношлуурыг ашиглахад бэлтгэгдсэн мэргэжилтэн шаардлагагүй” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.


Энэхүү оношлуур нь уушгины хавдар зэрэг өвчнийг илрүүлж, бактерын гаралтай халдварт өвчнийг вирусний өвчнөөс богино хугацаанд ялгадаг оношлуурыг гарган авахад ашиглагдаж байсан технологи дээр суурилжээ. Харин цар тахал дэгдэж эхэлснээс хойш компани коронавирусийг оношлоход хүчин чармайлт гаргах болсон байна. 


Энэ технологи дээр суурилсан оношлуурын хоёр туршилтыг явуулсан бөгөөд судлаачид энэхүү оношлуураар коронавирусийг бусад халдварт өвчнөөс ялгах боломжтой эсэхийг нь мэдэхийг хүсэж байжээ. Тийнхүү оношлуур амьсгалаас авсан дээжин дэх химийн элементүүдийг хайн шинжилж, ямар хэлбэрийн амьсгалын замын өвчин болохыг нь илрүүлэх боломжийг олгох юм. Оношлуурууд 80 хувийн тохиолдолд нь коронавирусийг багтраа, уушгины бактерын гаралтай өвчин зэрэг бусад өвчнөөс ялгаж, илрүүлж чаджээ.


Түүнчлэн Эдинбургт явуулсан туршилтын үеэр оношлуур өвчний хүндрэл, нас барах аюулыг илрүүлэх өндөр магадлалтай химийн элементүүдийг таньжээ. Оношлуур найдвартай нь батлагдвал коронавирусийг эмнэлэгт болон түргэн тусламжийн тасагт даруй илрүүлж, эмнэлгийн ажилтнуудын ажлыг нэлээд хөнгөвчилнө гэдгийг эрдэмтэд мэдэгдсэн байна. Нэн ялангуяа ижил шинж тэмдгүүд илэрч болзошгүй ханиад томууны үед коронавирусийг богино хугацаанд илрүүлэх нь чухал юм. 

Холбоотой мэдээ