Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн 20 хүнийг тусгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-04 18:29:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор дамжин ирсэн ачаа тээвэр, импортын бараанд шалгалт хийж буй талаараа мэдээлэл өглөө.


Энэхүү хяналт шалгалтыг УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу энэ оны гуравдугаар сараас хойш хийж байгаа юм. Энэ хугацаанд нийт 4533 автомашин, 4756 жолооч дээрх боомтоор нэвтэрчээ. Нийт нэвтэрсэн жолоочийн 3292 нь гадаад, 1464 нь монгол хүн байсан байна.  Одоогоор 177 монгол, нэг гадаад жолоочийг Асралт мед, Наранбулаг, Ар гүнт, Ивээл зочид буудалд тусгаарлаад байгаа аж. Мөн 102 722 800 ширхэг бараа бүтээгдэхүүнд шалгалт хийжээ.


Энэ үеэр НМХГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ариунаа мэдээлэхдээ, "Гүний гаалийн хяналтын бүсэд ирсэн жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн 20 хүнийг тусгаарласан. Бид гааль дээр 24 цагийн хяналт тавьж байна.

Тээврийн хэрэгслийн гадаргуугийн ариутгал хийгдсэнээс хойш хоёр цагийн дараа сэлгээ ачилтыг хийж байгаа. Битүү талбайд халдваргүйтгэл хийж байна" хэмээлээ.


“Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг Алтанбулаг боомтоор хэвийн тээвэрлэж байна. Замын-Үүдийн боомтоор тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулахад дөрвөн байгууллагын “Сайра” нэрийн нөөшилсөн загаснаас шимэгч хорхой илэрчээ. Мөн хяналт шалгалтын үеэр ОХУ-аас импортолсон 266 кг алимнаас шавж, Голланд улсаас импортолсон гурван төрлийн цэцгийн булцуунаас бөөс илэрсэн байна. Үүнийг газар дээр нь хураан авч, устгалд оруулжээ. 

 

Холбоотой мэдээ