Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарт автомашин, мотоцикл тусгай хэрэгсэл гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-05 10:55:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд Дотоодын цэргийн штабт энэ сарын 4-нд ажиллаж, 809 дүгээр тусгай салбарт нэн шаардлагатай байсан автомашин, мотоцикл, тусгай хэрэгслийг гардууллаа.


Энэ үеэр алба хаагчдыг хөгжүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор байгуулсан “Гадаад хэлний тэнхим”-ийн нээлтэд оролцлоо.


Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд хандан хэлэхдээ “Дотоодын цэргийн штаб нь төр засаг, командлалаас өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн энэ жилийн хувьд Дотоодын цэргийн штаб нь зургаан жилийн дараа хугацаат цэргийн алба хаагчдыг татан авч байгаа бөгөөд “Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий” гэдгийг санаж цэргийн алба хаах хугацаандаа цэргийн эрдэм ухаанд суралцан, албаа нэр төртэй биелүүлж, цагдаа, дотоодын цэргийн алба хаагч болох боломж байгаа гэдгийг санаж хичээнгүйлэн суралцахыг байлдагч нараасаа хүсье.


Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдынхаа ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиглэлээр нэлээдгүй ажил, арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ өнөөдөр үүрэг гүйцэтгэхэд нэн шаардлагатай автомашин, тусгай хэрэгслийг гардуулж өгөхөөр хүрэлцэн ирээд байна. Цаашид хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж,  төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг бүх шатанд чанд сахин биелүүлж, албаны бэлэн байдлыг сайтар ханган, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж ажиллана гэдэгт итгэл төгс байна” хэмээжээ.


Дээрх үйл ажиллагаанд Дотоодын цэргийн штаб, 05, 805 дугаар анги, 809 дүгээр тусгай салбар болон Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид оролцсон байна.


Холбоотой мэдээ