Ш.Оргил: Алтанбулагийн боомтыг түр хаах саналыг УОК-д хүргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-11-07 15:07:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нарын ажлын баг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн онцгой комиссын гишүүдтэй уулзлаа.


Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од хэлэхдээ “Коронавирус Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 155 тохиолдол бүртгэгдсэн. Аймгийн хэмжээнд 306 иргэнийг ажиглалтын 16 байранд, 143 иргэнийг тусгаарлах 5 байранд тусгаарлаж байна. Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсаас гадна 15 орны жолооч ачаа тээвэр хийж байна. Жолооч нар 8.00-20.00 цагт Монгол Улсын хилээр орж, Алтанбулаг боомтын хилийн улаан бүсэд машин дотроо байрладаг ба аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборант 18.00-22.00 цагийн хооронд шинжилгээ авдаг" хэмээв.


Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил, “Алтанбулаг боомтын шалган нэвтрүүлэх хэсэгт өдөрт 30 авто машин нэвтэрдэг. Цэвэрлэх байгууламжийн асуудал, ачаа тээвэрлэлт дээр ажиллах хүний нөөцөд анхаарах хэрэгтэй байна. Ачигч хийж буй 150-аад хүний халдвар хамгаалал, хувцас хэрэглэлээ солих, өмсөх асуудал хүндрэлтэй байдаг. Түүнчлэн эрсдэлтэй нөхцөлд өргөн хэрэглээний биш бараа бүтээгдэхүүнийг заавал хилээр нэвтрүүлэх шаардлага байна уу. Өнөөдөр хилээр чипс, бохь, зайрмаг, тахианы мах, гахайн мах, хатаасан жимс зэрэг бүтээгдэхүүн ихэвчлэн орж ирж байна. Эдгээр бүтээгдэхүүний төлөө бид ийм их эрсдэл үүрэх хэрэг байна уу.  Бид бараанд биш хамгаалалд нэн түрүүнд анхаарал тавих нь чухал. Зөвхөн барааны шалган нэвтрүүлэхэд ажиллаж буй хүмүүсийн халдвар хамгааллын хэрэгсэлд өдөрт 10 орчим сая төгрөг зарцуулж байна. Сард 300-гаад сая төгрөгийг онцгой комиссоос гаргаж байна. Тиймээс аймгийн онцгой комиссоос Алтанбулагийн боомтыг түр хаах саналыг УОК-д хүргүүлж байна” гэлээ.


ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, “Сэлэнгэ аймгийн Засаг даргын баг удирдлагын тогтолцоог маш сайн бүрдүүлж, нөхцөл байдлыг сайн үнэлсэн байна.  Хэдхэн хоногийн өмнө ДЭМБ-ээс Монгол Улсыг цар тахалтай маш сайн тэмцэж байгааг онцолсон. Дэлхий нийтээр хоёр дахь давлагаа эрчимтэй явж байна. Ялангуяа, ОХУ-ны нөхцөл байдал ихээхэн эрсдэл үүсгэж байгаа тул бид аргаа шинэчилж, дэмжлэг туслалцаагаа нэмэн, тактикаа өөрчлөх шаардлага үүсэж байна" гэв.


Улсын Онцгой комиссын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ, “Бид хилийн боомтууддаа анхаарал хандуулах ёстой учраас өнгөрсөн сард Сэлэнгэ аймагт Молекул биологийн лабораторийг байгуулан PCR  болон Gene expert суурилуулан Цагааннуур, Боршоо боомтуудад давхар шинжилгээ хийж эхэлсэн. Үүний үр дүнд гурван хоногийн хугацаанд 64 хүнд шинжилгээ хийж, зөвхөн эхний шинжилгээгээр хоёр тохиолдол илэрсэн. Тиймээс ЭМЯ-аас дээрх боомтуудыг түр хугацаагаар яаралтай хаах саналаа УОК-д хүргүүлсэн. Эрсдэлийн, халдвар хамгааллын бүх талын тооцооллыг хийсэн. Судалгаагаар Алтанбулагийн боомтоор олон нийтийн хүнс, ахуйн хэрэглээнд сөргөөр нөлөөлөхгүй бараа, бүтээгдэхүүнүүд орж ирж байна хэмээн үзэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус боомтыг түр хугацаанд хаах саналыг дэмжиж байна. Цаг үеэ олсон, олон талын нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргах ёстой. Нөхцөл байдал улам хүндэрч байна. Одоо бид цаг алдахгүй байх нь чухал” гэлээ.


Аймгийн онцгой комиссын саналыг УОК-т танилцуулахаа Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэллээ.

Холбоотой мэдээ