"Зааг" ном герман уншигчдын хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-11-10 17:19:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан, ХБНГУ-д Элчин сайд асан Д.Тэрбишдагвын “Улаан бичин жил-Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номыг ХБНГУ-д орчуулан хэвлэж, энэ сарын 20-ноос герман уншигчдын хүртээл болгохоор болжээ. 


Энэхүү номыг Германы  “Eulenspiegel” хэвлэлийн газрын  цахим хуудас, шинэ номын каталогит оруулсан тухайгаа ч онцолсон байна. Тус хэвлэлийн газар  Франкфуртын олон улсын номын яармагийн дижитал үзэсгэлэнд хэд хэдэн шинэ ном танилцуулсны дотор 496 хуудас, өнгөт зургийн цомогтой уг ном багтжээ.


“Eulenspiegel Grupp”-ын эзэн ноён Маттиас Ойме энэхүү хэвлэлийг удирдан, Монголын нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлалыг орчин цагтай нийцүүлэн  номын нэрийг өөрчилж,  ХБНГУ-ын нэрт улстөрч Курт Веск оршил үг бичжээ.


Хэвлэлийн газраас тус номын талаар, “Зуу зуун жилийн тэртээгээс  эрс тэс уур амьсгалтай нутгийн монгол хүүхэд гэрийн яндангаас гарах утааг хараад тухайн өдрийн цаг агаарыг таамаглах чадвартай. Европоос алс хол нууцлаг хийгээд үзэсгэлэнт Монгол оронд монгол гэрт төрсөн "хүү”, номын зохиогч маань өвөг дээдэс Чингис хаан шигээ тун ч адармаатай амьдралын хол замыг туулж, мөн БНАГУ-д сурч, ажиллаж олон найзтай болж, эрин зууны өөрчлөлтийг нүдээр үзэж, биеэр туулсан нэгэн. Буддын зан заншлаа даган нандин бүхнээ хадганд боож хадгалдаг шиг Берлиний хананы хэсгийг өөрөө нураан авч өнөөг хүртэл хадгалж явдаг. Улс орноо хөгжүүлэхийн төлөө бизнесийн салбараас улс төрийн тавцанд идэвхтэй гарч чин сэтгэлээсээ ажиллаж байгаа. Монголын зарим олигархууд улс төрийн намуудад шургалан нуугдаж, байгалийн баялгийг тэгш бусаар хүртэж, улмаар Монгол орон баялгаа бусдад алдаж, ашгийг нь хувьдаа завшин, алдагдлыг нь нийгэмчилж  буйг зоригтойгоор шүүмжлэгч дуу хоолой болж, уг номоороо амьдралд тохиолдож буй асуудлыг ил тод хэлж, бидний сэтгэлийг хөндсөн мэдээ хүргэж буй нэгэн” хэмээжээ.


Ташрамд дурдахад,  энэхүү ном нь монгол хэлээр “Зааг” нэртэй 2017 онд хэвлэгдэн гарсныхаа дараа Монголд бестсэллэр болж байсан. “Зааг” номын шинэчилсэн хувилбарыг орос хэлээр орчуулахын зэрэгцээ монгол бичгээр хөрвүүлэн хэвлэсэн бөгөөд одоо уг номын хятад, солонгос хэлээрх орчуулгыг хэвлэлтэд бэлтгэж байгаа аж. 

Холбоотой мэдээ