Донор болохоо зөвшөөрсөн иргэдэд карт гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-10 17:54:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулах, Донорын зөвшөөрлийн карт гардуулах “Амьдрал бэлэглэе” өдөрлөг Эрүүл мэндийн хөгжлийн төвд өнөөдөр боллоо. 


Монгол Улсын Донорын тухай хуульд "...25 нас хүрсэн иргэн эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллагад гарын үсгээр баталж, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно гэж заажээ. Мөн Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар Донорын зөвшөөрлийн тэмдэглэгээ хийх журам баталсан. Энэ журмын хэрэгжилтийг хангахаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг зохицуулах албанаас Донор болохоо зөвшөөрсөн иргэдэд Донорын зөвшөөрлийн карт гардуулсан юм.


Монгол Улсын Донорын тухай хуулийг 2018 онд шинэчлэн баталж Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг зохицуулах алба байгуулсан. Монгол Улсад амьд болон тархины үхэлтэй донороос элэг, бөөр, ясны чөмөгнөөс үүдэл эс, нүдний эвэрлэг, бэлгийн эс зэрэг эс, эд, эрхтэнг шилжүүлэн суулгадаг.


Өнөөдрийн байдлаар, бөөр 224 /тархи нь үхэжсэн донороос 29/, элэг 131 /тархи нь үхэжсэн донороос 12/, ясны чөмөгнөөс үүдэл эс 23, нүдний эвэрлэг 24 шилжүүлэн суулгаад байгаа аж.



Холбоотой мэдээ