Улаанбаатараас ирсэн автобусны зорчигчдоос асуумж авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ны 11.00 цагт Улаанбаатараас Увс
аймаг руу хөдөлсөн зорчигч тээврийн автобус өнөөдөр өглөө Улаангомд ирсэн. Уг
автобусаар 28 том хүн, 3 хүүхэд, нийт 30 зорчигч ирсэн бөгөөд аймгийн
мэргэжлийн тусгай албадынхан Улаангом руу орох пост дээр автобусыг зогсоон ариутгал
халдваргүйжүүлэлт хийж, зорчигчдын халууныг хэмжин, судалгааны асуумж бөглүүлсэн
байна. Зорчигчдын хувьд бүгдээрээ “Хархан нүдэн” тоглолтыг үзээгүй гэжээ. Энэ
талаар зарим зорчигчоос тодрууллаа.
-Зорчигч О.Хоролсүрэн:
Би энэ сарын 10-нд 11.00 цагийн автобусаар Улаангом руу хөдөлсөн бөгөөд өглөө
10.00 цагт орж ирлээ. Манай автобусыг пост дээр зогсоогоод ирсэн бүх хүмүүсээс
асуумж судалгаа авсан. Мөн ариутгал халдваргүйжүүлэлт хийж, зорчигчдын халууныг
хэмжлээ. Бид нарын дотроос замдаа халуурсан хүн гараагүй. Бас тэр тоглолтыг үзсэн хүн
байгаагүй.
-Зорчигч Л.Дүрзээ:
Бид замдаа бүгдээрээ амны хаалтаа зүүж явсан. Өглөө Улаангомын пост дээр ирэхэд цагдаа нар асуумж бөглүүлээд, зорчигч бүрийн халууныг хэмжсэн. Халуурч, ханиасан хүн автобусанд яваагүй. Тэс сумын харьяат 5-6 иргэн ирсэн бөгөөд бүгдээрээ “Хархан нүдэн” тоглолтыг үзээгүй хүмүүс байсан.
-Зорчигч Д.Батнацаг:
-Би хотод очоод 10 гаруй хоноод ирж байна. Хөдөөний хүн тул одоо Малчин сум руу шууд гарах гэж байна. Автобус Улаангомд орж ирэхэд пост дээр зогсоогоод бүх зорчигчийн халууныг хэмжиж, нарийвчилсан судалгаа бөглүүлж авсан. Бид бүгдээрээ л амны хаалтаа тогтмол зүүж явсан.
Нэмэлт мэдээлэл
Улаанбаатар хот болон Увс аймгийн чиглэлд өдөр бүр 11.00, 15.00, 17.00 цагаас хоёр талаасаа автобус зэрэг хөдөлдөг. Өчигдөр буюу энэ сарын 10-ны 15.00, 17.00 цагаас Улаанбаатараас Улаангомын чиглэлд гарсан автобус одоо замдаа яваа аж.