Онцгой байдлын газраас зөвшөөрөл авч аймгаас гарах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-11 23:01:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Нийслэлд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан Говь-Алтай аймгийн Онцгой комисс хуралдаж 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумаас гарах, орох хөдөлгөөнийг зогсоолоо. 


Үүнтэй холбогдуулан аймгийн төвийг тойрсон хяналт шалгалтын таван постод Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Зооноз өвчин судлалын алба хаагчид 24 цагаар ажиллаж байна. Хүнсний болон ачаа тээврийн хөдөлгөөнийг ямар нэгэн саадгүйгээр нэвтрүүлж байгаа бол ар гэрийн гачигдал, эмнэлгийн магадлагаа гэх мэт хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай үед тус аймгийн Онцгой байдлын газраас зөвшөөрөл авч гарах боломжтой гэв.

Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед улсын болон орон нутгийн Онцгой комиссоос шийдвэрийг даган зөрчихгүй байх үүрэгтэйг холбогдох албанаас сануулсан юм. Хэрвээ дээрх шийдвэрийг зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлагыг хүлээл ёстойг ч анхаарууллаа. Тухайлбал, хорио цээр тогтоосон үед төрийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар иргэнийг 250 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 2.5 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт бий.


Холбоотой мэдээ