Хөл хорионы үед стратегийн гол салбарууд хэвийн ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-12 00:41:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж энэ сарын 12-17-ны хооронд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд бүх нийтээр шилжих буюу хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргасан тухай мэдээлсэн. Засгийн газрын мэдээллийн үеэр сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан юм. 


Сэтгүүлчдийн асуултад Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан нар хариулав. 


-Халдвартай иргэний ойрын болон дам  хавьтагч 2000 гаруй иргэн хаагуур явсан бэ. Тав хоногт ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?


А.Амбасэлмаа: Тав хоногийн хугацаанд тусгаарласан хүмүүсийнхээ шинжилгээг авна. Одоогоор 70 гаруй хүний шинжилгээг аваад байна. Цаашид дам болон шууд хавьтлын 2000 хүнийг тусгаарлана. Тэдгээр иргэдийн байршлыг тогтоосон. Энэ хугацаанд иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу гэртээ биеэ ажиглаж, бидэнтэй утсаар холбогдоно.


Ж.Амгалан: Цагдаагийн байгууллагаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран нэгдүгээр хавьтлыг дээд хэмжээгээр нь тогтоож хүрээг нь хумихаар төлөвлөж байна. Бэлэн байдлын хугацаанд хүрээг нь хумих, холбогдох шинжилгээнд хамруулах бүх боломж бүрдүүлэхээр зорьж байна. 


-Вакцины талаар мэдээлэл өгнө үү. Вакцин гарсан тохиолдолд манай улс худалдан авах талаар яаж ажиллах вэ?


Т.Мөнхсайхан: Вакцины хувьд, дэлхийд  10 орчим туршилт гуравдугаар шатандаа явж байгаа. Туршилт дууссан, ДЭМБ-д бүртгүүлсэн вакцин одоогоор байхгүй. АНУ, Германы эрдэмтдийн бүтээж буй вакцины үр дүн 90 гаруй хувьтай байгаа тухай мэдээ гарсан. Туршилтын хугацаа 12 дугаар сарын эхээр 60 мянгад хүрч дуусах магадлал байна. Бид вакцины үйлдвэрүүдээс авах бололцоо, үнэ ханш, хэзээ нийлүүлэх боломжтой талаар мэдээлэл авч байна. 


-Хөл хорионы үед ямар байгууллага ажиллах вэ. Мөн хувийн байгууллагын ажлыг зогсоохыг уриалж байгаа гэж ойлгох уу?


Я.Содбаатар: Хатуу хөл хорионы хүрээнд Улаанбаатар хот болон эрсдэлтэй аймагт хөдөлгөөн зогсоох төлөвлөгөөтэй байна. Гамшгийн хуульд заасанчлан стратегийн гол салбарыг хэвийн горимд ажиллуулна. Тодруулбал, хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэр, шатахуун түгээх станц, нефть хангамжийн байгууллага, эмнэлэг, эмийн сан, усан хангамж буюу худаг, эрчим хүч, дулааны цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байгууллага хэвийн ажиллана. Мөн буяны ажил болон хот хоорондын хүнсний тээвэр хэвийн явах боломжтой. Анх удаа бэлэн байдалд шилжиж байгаа тул салбар салбарт асуудал гарах магадлалтай. Тухай бүрт нь УОК болон НОК-оос холбогдох төрийн байгууллагатай хамтран асуудлыг шийдээд явна.


Хуулиараа аймгуудын онцгой комисс хөл хорио тогтоох эрхтэй. Дам хавьтлын буюу үзвэр үйлчилгээнд байсан хүмүүс орон нутаг руу явсан маршрут гарч байна. Үүнтэй холбогдуулан зарим аймгийн удирдлагууд өнөөдрөөс орох гарах хөдөлгөөнөө хязгаарлаж эхэлсэн. Хуулиараа аль бүс нутагт хязгаарлалт хийх чиглэлийг УОК-оос өгдөг. Энэ дагуу чиглэл өгч ажиллана. 


-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанаас хойш хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ. Хөл хориог дахин сунгах шийдвэр гарч магадгүй юу?


А.Амбасэлмаа: Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 9-нөөс ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарлаж эхэлсэн. Энэ хугацаанд тусгаарлалтаа үргэлжлүүлнэ. Одоогоор тусгаарлаад байгаа 73 ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулж байна. Шинээр халдвартай нь батлагдсан тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс энэхүү эрсдэлээс хамаарч дараагийн авах шат, арга хэмжээг төлөвлөнө. 


-Халдвар авсан жолоочийн дүү МУБИС-д сурдаг бөгөөд тус сургуулийн 2 оюутан халдвар авсан, 6 оюутан халуурч байна гэсэн ташаа мэдээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Үүнд албан ёсоор тайлбар өгнө үү?


А.Амбасэлмаа: Коронавирус илэрсэн хүмүүсийн ойрын хавьталд МУБИС-ийн оюутан байсан. Оюутан ч бай, хэн ч бай, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг ХӨСҮТ-д тусгаарладаг. Тиймээс ойрын хавьтал болсон МУБИС-ийн оюутны мөн ойр байсан хүмүүсийг давхар тусгаарласан. Үүнтэй андуурч мэдээлэл гарсан байх. Тэр хүмүүс одоогоор шинжилгээ өгсөн, хариу нь гараагүй байна. Энэ бол мэргэжлийн байгууллагын тандалт судалгааны дүрмийн дагуу хэрэгжүүлж байгаа асуудал. 


Я.Содбаатар: Бодит мэдээлэл авах чиглэлд ард иргэд анхаарах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхэн бодит мэдээ тараахад идэвхтэй хамтран ажиллаж байна. Цахим орчинд янз бүрийн хаягнаас санаатай болон санаандгүй иргэдийг цочроох, нийгмийн сэтгэл зүйд буруу мессеж өгөх мэдээ тарааж байгааг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Энэ хэцүү цаг үед ард иргэдэд үнэн бодит мэдээллийг нэг шугамаар шуурхай хүргэх нь чухал байна. 


-Гэрээр тусгаарлах 14 хоногийн хугацааг цуцалсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ хугацааг сунгах уу?


А.Амбасэлмаа: ДЭМБ-ын судалгаагаар халдварын нууц үе 14 хоног гэж байсан. Гэтэл зарим улс оронд хийсэн судалгаагаар, 21-25 хоног болж байна гэсэн мэдээлэл орж ирж байна. Энэ нь шинэ вирус учраас дэлхий даяар бүрэн судлагдахгүй байна. 


-Нийтийн тээврийн үйлчилгээ ямар зохицуулалттай байх вэ. Иргэд өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээр явах боломжтой юу?


Я.Содбаатар: Өглөөнөөс нийтийн тээвэр өнөөдрийнх шиг явна. Тодруулбал, өглөөний 06.00-10.00 цаг, оройны 17.00-21.00 цагт явна. 14-15 салбарын хүмүүс ажиллана. Мөн иргэд хүнсээ авах шаардлагатай тул нийтийн тээврийг дээрх цагаар явуулна. Иргэд хувийн тээврийн хэрэгслээр хүнсний зах, шатахуун түгээх станц явах шаардлага гарахыг үгүйсгэхгүй тул чөлөөтэй зорчиж болно. Гэхдээ иргэд аль болох гэрээсээ гарахгүй байхыг урьтаж хөдөлгөөн хязгаарлалтыг улсын хэмжээнд бүрэн зогсоох шийдвэр гарсан тул хамтарч ажиллахыг уриалж байна. Цагдаа, хүчний байгууллагаас гудамж талбай, орц байшинд хяналт тавихаар өнөө шөнө зураглал гаргаж байршина. Гамшгаас хамгаалах хуулийн дагуу бид хууль хүчний байгууллага, зэвсэгт хүчнийг оролцуулах эрх нь нээлттэй. Хүн хүчээ төлөвлөж тодорхой шийдвэр гаргаад явна. Аймаг орон нутгууд ч бүх нийтийн бэлэн байдалд шилжих хуульд заасан 23 арга хэмжээг авна. Цар тахлын хуулийг УИХ-аар баталсан. Тэр хуулийн заалтыг мөн барьж ажиллана. 


-Төлөвлөсөн тусгай нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт орж байгаа юу?


Я.Содбаатар: Тусгай нислэгийн хувьд, өнөөдөр Токио чиглэлд онгоц хөөрсөн. Түүгээр 160 гаруй иргэн ирээд тусгаарлах байранд орж байгаа. Энэ сарын 13-нд Улаанбаатар-Сөүл нислэг үйлдэх ч Сөүлээс нааш эргэн татахгүй. Бусад тусгай нислэгийн хуваарийг түр түдгэлзүүлсэн байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг энэ сарын 17-ныг 06.00 цагт дуусахтай холбогдуулан тухайн үед шийдвэр гаргана. Дотоодод халдвар гарсан учраас бид иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг чухалчилна.


-Хөл хорионы үед банк, санхүүгийн байгууллага ажиллах уу?


Я.Содбаатар: Банк санхүүгийн байгууллагын тухайд хязгаарлалт адилхан үйлчилнэ. Мэдээж мөнгө санхүү, банкны гүйлгээний асуудал гарах байх. Монгол Улс анх удаа хатуу хөл хорионы системд шилжиж байгаа тул салбар салбарт асуудал тулгарна. Тухайн үед нь УОК, НОК холбогдох шийдвэр гаргахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ