Я.Содбаатар: Хатуу хөл хорионы дэглэмд шилжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-11 23:27:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд бүх нийтээр шилжих шийдвэр гаргасан тухай Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. 


ДЭМБ болон ҮАБЗ-ийн зөвлөмж, монгол эрдэмтэн судлаачдын санал, дүгнэлтэд үндэслэн эрсдэлийг үнэлж энэ сарын 12-ны 06.00 цагаас 17-ны 06.00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд бүх нийтээр шилжих нь зүйтэй гэж үзжээ. 


Өөрөөр хэлбэл, хөл хорионы хатуу дэглэм буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хоёр дахь зэрэгт шилжиж буйг Шадар сайд мэдээлэлдээ онцолсон. Энэ хугацаанд мэргэжлийн байгууллагууд халдварын тархалтыг хяналтдаа авах бололцоотой гэж эрдэмтэн судлаачид дүгнэсэн гэдгийг тэмдэглээд, иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахин гэрээсээ гарахгүй байх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг аль болох цахимаар ажлаа явуулах шаардлагатайг зөвлөлөө.


Энэ хугацаанд хүсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээх станц, эмийн сан, эмнэлэг, усны худаг, эрчим хүч, дулааны цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байгууллага хэвийн горимд ажиллана. Мөн буяны ажил болон хот хоорондын хүнс тээвэр хэвийн явах боломжтой юм.


Ташрамд дурдахад, бүх нийтийн бэлэн байдалд Монгол Улс анх удаа шилжиж байгаа юм.  

Холбоотой мэдээ