Аймгийн Онцгой комиссоос мэдээлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-12 09:11:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. 

2020 оны 11 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд аймаг, сумын төвөөс гарах, орох чиглэлд иргэд, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан орон гэртээ харгалзах хүнгүй 12 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөл бололцоогоор хангахыг төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад уриалж байна.

Иргэд хүнс цуглуулах, эрүүл мэнд, ундны усны хэрэгцээг хангахаас бусад тохиолдолд нийтийн эзэмшлийн зам талбайд зорчихгүй байхыг зөвлөж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед арилжааны банк, хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнс үйлдвэрлэл, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг, усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны ажлаас бусад үйл ажиллагааг хязгаарлан, гамшгаас хамгаалах орон нутгийн мэргэжлийн алба, мэргэжлийн ангиудаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж байгууллагуудын ажил үйлчилгээ явуулахыг түр хугацаагаар зогсоолоо.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед аймгийн хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомсдолд орохгүй болохыг мэдэгдэж байна. Иймд иргэн та сандарч тэвдэлгүй, дараалал үүсгэхгүй, тайван байхыг анхааруулж байна.

Амны хаалт тогтмол зүүж, гартаа бээлий өмсөх, ханиаж найтааж байгаа хүнээс хол байх, гараа сайтар савандаж угааж, зориулалтын ариутгалын бодисоор ариутгаж хэвших, өглөө, оройдоо сод, давс, саримс, царвангийн уусмалын аль нэгээр хоолойгоо зайлах, халуун, бүлээн шингэн ихээр уух, бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй байх, түүхий ус уухгүй байх, бухимдахгүй тайван байх, бусадтай гар барихаас зайлсхийх, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх, хүнтэй 2 метрээс багагүй зайнаас харьцах, дулаан хувцаслах зэрэг зөвлөмжийг дагаж мөрдөхийг нийт Дарханыханд уриалж байна.   

Холбоотой мэдээ