Арилжааны банкны нийслэл дэх салбарууд тав хоног ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-12 14:12:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арилжааны банкны нийслэл дэх салбарууд коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 11-17-нд ажиллахгүй.


Иймд бэлэн мөнгөний орлого, зарлага, шилжүүлгийн гүйлгээ банкны салбараар түр хугацаанд хийхгүй. Харин орон нутаг дахь арилжааны банкны салбар, нэгж нь харьяа нутгийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулна.


Монгол Улсын төлбөрийн системийн үйл ажиллагаа, банкуудын бүх төрлийн цахим үйлчилгээ тасралтгүй, хэвийн үргэлжилж байгаа тул мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийхдээ төлбөрийн карт, интернет, мобайл банкны үйлчилгээг ашиглах боломжтой.

Энэ нь төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэхэд хүндрэл үүсгэхгүй. Арилжааны банкинд харилцах, хадгаламжийн данс нээх, зарим төрлийн зээл авах үйлчилгээг цахимаар авч болно. 


Монголбанк бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээс аль болох зайлсхийж, гарцаагүй тохиолдолд АТМ ашиглах, банкны салбар, нэгжээр үйлчлүүлэх бол хорио цээрийн дэглэмийг чанд баримтлан, эрүүл ахуйн шаардлага хангаж, хоорондын зай барин, дараалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө.


Банкны цахим үйлчилгээний талаарх мэдээллийг банк тус бүрийн харилцах үйлчилгээний лавлах утаснаас авах боломжтой. Банкны үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг Монголбанкны 310081 дугаарын утсанд хүлээн авах аж.

 

Холбоотой мэдээ