Гэрийн дэглэм сахих шаардлага тавьж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр өнөөдөр 23.00 цагаас хойш Улаанбаатар хотод явган болон автомашинтай хөдөлгөөнийг багасгах зорилгоор иргэдэд гэрийн дэглэм сахих шаардлага тавихаар болсон тухай ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан мэдээллээ.
Дэлхий даяар цар тахлын эсрэг хамгийн сайн арга хэмжээ нь хатуу дэглэм тогтоох гэдэг нь тогтоогдсон гэдгийг тэмдэглээд, иргэдээ сонор сэрэмжтэй, тэвчээртэй байж, шаардлага тавьсан алба хаагчдыг хүндэтгэн тандалт судалгааны үеийг дуусгах хэрэгтэйг санууллаа.Тэрбээр, "Хөл хорионы дэглэм Улаанбаатар хотод сайнгүй байна. Гадуур явж байгаа иргэдийн зорилгыг өнөөдөр судалж үзсэн. Хүнтэй уулзах, айлд очихоор явж байна. Хүн бүр аль болох хүнтэй бага уулзах, бага явах, гэрийн дэглэмийг чанд сахих нь халдвараас сэргийлэх хамгийн чухал арга. Маргаашаас эхлэн цагдаа, дотоодын цэрэг болон мэргэжлийн хяналт, сонсогчид хамтран эргүүлд гарна" хэмээв.
Коронавирусний батлагдсан тохиолдлын дам хавьтагчдын байршлыг нь илрүүлж, утсаар холбогдсон байна. Тиймээс тандалт судалгааны хугацаа ойрын хоёр хоногтоо дуусна гэж таамаглаж байгаа тул энэ хугацаанд онцгой дэглэмээ сайн сахиж, дахин халдвар тархахгүй, амар тайван байгаасай гэж хүн бүр ухамсарлах нь чухал хэмээн тэмдэглэлээ.
Ташрамд дурдахад, бүх нийтийн хөл хорионы үеэр Гамшгийн тухай хуульд заасан стратегийн гол салбарын ажилчид хэвийн горимд ажиллаж байна. Дараах салбарын ажилчид ажилдаа явах, гэртээ харихдаа биеийн байцаалт, ажлын үнэмлэхтэй явах шаардлагатай юм. Стратегийн гол салбарт, хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээх станц, эмийн сан, эмнэлэг, усны худаг, эрчим хүч, дулааны цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байгууллага багтана. Мөн буяны ажил болон хот хоорондын хүнс тээвэр багтаж байгаа юм.