Токио, Бээжин БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдыг Японд айлчлуулах талаар зөвшилцөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-13 12:08:24

ТОКИО. /Kyodo/. Токио, Бээжин БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэг Японд айлчлуулахаар талаар зөвшилцөж байна гэж “Kyodo” агентлаг мэдээллээ.  


Талууд эхэндээ Хятадын Батлан хамгаалахын сайдын айлчлалыг энэ оны 10 дугаар сард зохион байгуулах талаар тохиролцохыг оролджээ. “Kyodo” агентлагийн мэдээлж буйгаар, айлчлалын товыг үргэлжлүүлэн зөвшилцөж байгаа бөгөөд хоёр орны Батлан хамгаалахын сайд нар ойрын үед утсаар ярих аж.


БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хамгийн сүүлд 2009 оны 11 дүгээр сард Японд айлчилж байсан бол хоёр орны Батлан хамгаалахын сайд нарын хамгийн сүүлийн уулзалт өнгөрсөн оны 12 дугаар сард болжээ. Тухайн үед Японы Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан Коно Таро Бээжинд айлчилж байв.


Батлан хамгаалахын сайдаа Японд айлчлуулах талаарх хэлэлцээг эхлүүлэх саналыг Хятадын тал энэ оны есдүгээр сард тавьсан байна.


Хэрэв айлчлалыг зохион байгуулбал хэлэлцээний гол сэдэв нь газар нутгийн маргаантай байгаа Сенкаку (Дяоюйдао) арлуудын эргэн тойронд үүссэн нөхцөл байдал болох ёстой гэж “Kyodo” агентлаг онцлон тэмдэглэжээ. Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-ын үйл ажиллагаа идэвхэжсэнтэй холбоотой асуудал  мөн анхаарлын төвд байх төлөвтэй байна.


БНХАУ-ын эрх баригчид өөрийн газар нутаг гэж үздэг Сенкаку бүлэг арлын тавыг нь Токио хотын эрх баригчид хувийн эзэмшигчдээс худалдан авснаа 2012 оны есдүгээр сард мэдэгдсэний дараа уг арлын эргэн тойронд үүссэн газар нутгийн маргаан хурцдаж,  БНХАУ-д Японы эсрэг томоохон жагсаал цуглаан болсон билээ. Үүнээс хойш Хятадын хөлөг онгоцууд маргаантай арлуудын ойролцоо байнга үзэгдэж, сүр хүчээ харуулах зорилгоор эргийн бүс рүү үе үе нэвтэрдэг болсон байна.


Холбоотой мэдээ