Ши Жинпинь “Ant Group”- ийн хувьцааг Хятадын биржүүдэд гаргахыг биечлэн зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-13 16:43:32

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. БНХАУ-ын дарга Ши Жинпинь Жэк Магийн үүсгэн байгуулсан “Alibaba” группийн дижитал санхүүгийн компани болох “Ant Group”- ийн хувьцааг тус улсын хөрөнгийн биржүүд дээр арилжаалахыг зогсоохыг биечлэн даалгажээ. Энэ нь тэрбээр Жэк Магийн /Хятад нэр нь Ма Юнь/ хэлсэн үгэнд дургүйцсэнтэй холбоотой гэж “The Wall Street Journal” сонинд Хятадын албаны хүмүүсийн мэдээллээс иш татан бичсэн байна.


Эх сурвалжуудын хэлснээр, Ши Жинпинь Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг болох Жэк Магийн 10 дугаар сарын 24-ний өдөр Шанхай хотод хэлсэн үгэнд ийнхүү хариу барьсан байна. Жэк Ма хэлсэн үгэндээ БНХАУ-ын даргын хэлсэн үгнээс иш татаж, улсынхаа өндөр технологийн салбарыг зохицуулах журмыг ихээхэн шүүмжилжээ. Түүний хэлсэн үг нь өөрөө тэрбумтны хувийн нэр хүндийг бэхжүүлж, харин Хятадын зохицуулах байгууллагуудын үйл ажиллагаанд эргэлзээ төрүүлэх гэсэн оролдлого гэж ойлгогдсон гэж сонины нийтлэлд тайлбарласан байна.


Сонины эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Ши Жинпинь Жэк Магийн хэлсэн үгийг уншаад уурлаж, шалгалт явуулж “Ant Group”-ийн үнэт цаасны бүртгэлийг түдгэлзүүлэхийг тушаажээ.


“The Wall Street Journal” сонинынхон Жэк Магаас, мөн компаниас болон БНХАУ-ын Засгийн газраас тодруулга өгөхийг хүсжээ. Харин “Ant Group”  тайлбар хийхээс татгалзсан бол бусад нь хүсэлтийг нь хүлээж аваагүй байна.


11 дүгээр сарын 4-ний өдөр Хятадын Үнэт цаасны зохицуулах хороо "санхүүгийн болон техникийн хяналтын нөхцөл өөрчлөгдсөнтэй холбогдуулан" компанийн хувьцаа гаргах үйл явцыг түр зогсоох шийдвэрийг баталжээ. "Хувьцааг яаран байршуулах" нь "төрийн зохицуулалтын тогтолцооны эрх зүйн хэм хэмжээнд үндэслэсэн бизнес эрхлэх зарчим"-тай зөрчилдөнө гэж зохицуулах хорооноос мэдэгджээ


“Ant Group”-ийн үнэт цаасыг байршуулах үйл явцыг Шанхайн хөрөнгийн бирж 11 дүгээр сарын 3-нд түр зогсоосон байна. Тус компани 11 дүгээр сарын 5-ны өдөр Шанхай, Хонконгийн биржүүд дээр хийхээр төлөвлөж байсан IPO-г цуцалсанд хөрөнгө оруулагчдаасаа уучлалт хүсжээ. Хятад болон гадаадын эдийн засагчдын тооцоолсноор, энэ төлөвлөгөө хэрэгжсэн бол дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO болж, 2019 оны газрын тосны корпорац болох “Saudi Aramco”-гийн 12 дугаар сард тогтоосон 29.4 тэрбум ам.долларын рекордыг эвдэж магадгүй байв.


Холбоотой мэдээ