ЦЕГ:Ажил эхлэх, тарах цагаар хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ зорчиж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-13 17:57:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 17 цагийн ЭМЯ-ны хэвлэлийн хуралд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү оролцож мэдээлэл өглөө.


Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу замын хөдөлгөөний хязгаарлалт хийснээс олон нийтийн сүлжээгээр үл ойлголцол гарсантай холбогдуулан залруулга хийж буйгаа тодотгосон юм.   


Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу үүрэг гүйцэтгэж байна. Цагдаагийн байгууллагаас иргэдэд автобусаар, хувийн машинаар, эсхүл явган яв гэсэн шаардлага тавиагүй. Хэрвээ ийм алдаа дутагдал гаргасан бол хүлцэл өчье. Урьд шөнө замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр оройтож гарсан. Энэ мэдээллийг авч амжаагүй иргэд хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ замын хөдөлгөөнд оролцож нэлээд хүндрэл учрууллаа. 

 УОК шийдвэр, Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу 13 чиглэлийн байгууллагын ажилтнууд ажил эхлэх, тарах цагаар хувийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцоно. Дээрх зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнууд иргэний болон ажлын газрын үнэмлэхээ биедээ авч явах шаардлагатай. Маргаашаас тухайн 13 чиглэлийн байгууллагын харьяа иргэд томилгоот ажил үүргийн тушаалтай явахад асуудал үүсэхгүй" хэмээв. 


Бүх хүнсний зах, худалдааны төв хэвийн ажиллаж байна. Иргэд гэрийнхээ ойролцоох газруудаас хүнсээ цуглуулах хувийн зохион байгуулалттай байхыг тэрбээр хэвлэлийн хурлын үеэр уриалсан юм.


Холбоотой мэдээ