Нийслэлд батлагдсан голомтод эцсийн халдваргүйтгэл хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-11-15 11:44:01

Улаанбаатар/МОНЦАМЭ/. ЭМЯ-ны коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.


Тэрбээр хэлэхдээ, “Манай орны хувьд нийслэл хот, Сэлэнгэ аймагт кластер буюу багц хэлбэрээр бүртгэгдэж батлагдсан тохиолдол 428 болсон. Нийслэл хотод  батлагдсан тохиолдлын хавьтлыг илрүүлэх түргэн оношилгооны 11 цэгийг ажиллуулж байна. Эдгээр цэгт өчигдөр 909 хүн шинжилгээ өгсөн.  Одоогийн байдлаар 727 хүний сорьцод коронавирус илрээгүй. Бусад сорьцын  шинжилгээний хариу 17 цагт гарна. Тухайн үед мэдээлэх болно.  Нийт 1359 хүн 119 тоот дугаарт хандаж коронавирусний талаарх  зөвлөгөө авсан. Нийслэл хотод бүртгэгдсэн хавьтлын голомт, гэр оронд ЗӨСҮТ-ийн 8 баг ажиллаж, голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийсэн” хэмээлээ.


Ташрамд дурдахад, коронавирусний халдвар дэлхийн 218 улс орон,  нутаг дэвсгэрт бүртгэгдэж,  53.1 сая хүн өвчилжээ. Үүнээс 1.3 сая хүн эндсэн байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар 657 мянган хүн шинээр халдварласан нь  өчигдрөөс 27 мянган тохиолдлоор, нас баралт 171 хүнээр нэмэгджээ. Мөн ОХУ-д халдвар эрчтэй тархаж байна. Азийн оронд ялангуяа Япон, Солонгос улсад сүүлийн гурван өдрийн байдлаар коронавирусний халдвар нэмэгдэх хандлагатай байгаа аж.


Холбоотой мэдээ