Зам, тээврийн салбарынхан байнгын бэлэн байдалд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-11-16 16:09:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавируст халдвар /COVID-19/ цар тахлын хэмжээнд хүрч, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд байнгын бэлэн байдалд ажиллаж байна.


Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ, НТОЗШША зэрэг газрууд байнгын үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм.


Байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд  мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа тайлагнаж байна.


Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон бөгөөд орон нутгийн салбар төвүүдийн албан хаагчид тухайн орон нутгийнхаа онцгой комисст орж үүрэг гүйцэтгэж байна.


Өнгөрсөн 24 цагийн байдлаар Олон улс, улсын чанартай авто зам дагуу ихэнх нутгаар цаг агаар тогтуун, зам даваа саадгүй, авто замаар зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчиж байгаа бол “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн карго нислэг үйлдэж, УБТЗ” ХНН-ийн галт тэрэг бүх чиглэлдээ 651 байр буюу 15 тн, 783 кг ачаа тээвэрлэж, Бичигт, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 172 тээврийн хэрэгсэл хяналтын дор хэвийн зорчжээ.


Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байгаа гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ