Коронавирусний гурван тохиолдол шинээр илрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-17 11:06:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд өчигдөр нийт 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирус илэрчээ. 


Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийнхэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Сэлэнгэ аймгаар орж ирсэн Тир машины хоёр жолоочийн шинжилгээнд коронавирус илэрсэн.  Улаанбаатарын кластер халдвар буюу ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 80 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ” гэв.

Мөн Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиодол илэрч, давтан шинжилгээ хийж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад "COVID-19" халдварын 434  тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 328 нь эдгэрээд байгаа юм. Сувилалд 16, гэрийн ажиглалтад 16,  ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байна.

ХӨСҮТ-д онош  батлагдсан 100 хүн эмчлүүлж байгаагийн 2-ынх нь биеийн байдал хүнд, 21 нь хүндэвтэр, 77 нь хөнгөн байна. ХӨСҮТ-д нийтдээ 177 хүн ажиглалт тандалт, хяналтад байгаа аж.

Өчигдөр хийсэн шинжилгээг танилцуулбал, 10 дугаар сарын 28-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 202 хүний давтан шинжилгээ, 10 дугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 85 хүний давтан шинжилгээ,  Замын-Үүд боомтоор орж ирсэн 56 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 42 эмч, ажилтан, Алтанбулагийн боомтоор орж ирж Улаанбаатар хотод тусгаарлагдсан 25 хүн, Сэлэнгэ аймгийн лабораторид хийсэн 134 хүн, Дорнод аймгийн лабораторид тандалтын зорилгоор хийсэн 18 хүний шинжилгээ халдваргүй гарчээ.   Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Түүнчлэн Ховд аймгийн лабораторид тандалтын зорилгоор хийсэн 14 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.

 

Ташрамд дурдахад, Засгийн газрын энэ сарын 11-ний 172 тоот тогтоолоор, Алтанбулаг боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 16-наас хоёр сарын хугацаанд хаасан. Хил хаах өдрийн 23.59 цаг хүртэл нийт 55 ачаа тээврийн автомашин хил нэвтэрчээ.  Мөн өчигдөр ОХУ-ын талаас хил дээр 9 автомашин ирсэн гэх мэдээллийн дагуу Сангийн дэд сайдаар ахлуулсан ажлын баг ачаа тээврийг төмөр замд шилжүүлэн ачих ажлыг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ