УБТЗ 40 вагон хүнсний бараа, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-18 12:39:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ өчигдрийн байдлаар 372 вагон нүүрс зөөвөрлөж, 40 вагон хүнсний бараа, эмнэлгийн хэрэгсэл дотооддоо тээвэрлээд байна. 

Мөн “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Бээжин-Москва чиглэлд карго нислэг үйлдэж, агаарын хөлгөөр эм, эмнэлгийн хэрэгсэл 31 тонн, 933 кг ачаа, 1281 кг шуудан тээвэрлэсэн талаар ЗТХЯ-наас мэдээллээ. Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын 4310 тээврийн хэрэгсэл халдваргүйжүүлэлт, хяналтын дор хэвийн зорчжээ. 

ЗТХЯ-ны харьяа байгууллагууд “COVID-19” цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед байнгын бэлэн байдалд ажиллаж, байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр 2 цаг тутамд  мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабт тайлагнан ажиллаж байна. УОК-ын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоогоод байгаа юм. 

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ИНЕГ, “Монголын төмөр зам” ТӨХК, “УБТЗ” ХНН, АТҮТ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ зэрэг зам, тээврийн салбарын бүх байгууллага ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжид тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байна. 


Холбоотой мэдээ