“Ажилтай Орлоготой Хэнтийчүүд-2016” хөдөлмөрийн яармаг өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-27 12:18:41

“Ажилтай Орлоготой Монголчууд” хөтөлбөрийг аймаг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан “Бид баялаг бүтээгчид ” уриатай “Ажилтай Орлоготой Хэнтийчүүд-2016” хөдөлмөрийн яармаг өдөрлөгийг Хэнтий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, ҮЭХ, АОЭХ, МСҮТ, аймгийн ЗДТГазар хамтран БТСХорооны зааланд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт Аймгийн засаг даргын тамгын газрын дарга Б.Ганболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн бодлогын дарга Ш.Жавхлан, Хөдөлмөрийн хэлтэсийн дарга Ш.Жаргалсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Өдөрлөгт МСҮТ-ийн сурагч, төгсөгч, багш нарын нийтдээ 1000 гаруй бүтээл тавигджээ. Уг үзэсгэлэнг жил бүр сургуулийн хэмжээнд зохион байгуулдаг байсан бол энэ жилээс эхлэн сургуулийн давуу талыг олонд таниулах зорилготойгоор аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа аж.

Хөдөлмөрийн яармаг өдөрлөгт дээрх байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, “Үндэсний мэргэжилтэн ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдсан иргэдийн сурсан зүйлийг олон нийтэд сурталчлан үзүүлэх тоглолт, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон Хэнтийдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч, оюутан сурагчдын бүтээл, бүтээгдэхүүнийг иргэдэд танилцууллаа.

Тус төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, баялаг бүтээгч иргэний ажлын байрыг бататгах, бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулах зорилгоор уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ