Цар тахалтай нүүр тулсан Засгийн газар

ТОЙМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-11-19 16:47:17
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны хоёрдугаар сараас хойш Covid-19 цар тахлын эрсдлийг тооцоолж арга хэмжээ авч тогтоон барьсан ч 10 сарын дараа халдвар хүн амын дунд тархлаа. Өнөөдрийн байдлаар /2020 оны 11 дүгээр сарын 19-ний 16 цаг/ Монгол Улсад Covid-19 халдварын 505 тохиолдол бүртгэгдээд байгаагийн дийлэнх нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 72 нь дотоодод тархсан халдвар байна. Тодруулбал, Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр зэрэг 5 аймагт халдвар голомтлон тархаад байгаа юм. 


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоосон энэ үед Засгийн газраас авах 23 арга хэмжээг өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан. Тэдгээрийн дотор өрхийн амьжиргаа, нийгмийн даатгал, зээл, түрээс, экспорт зэрэг эдийн засагтай холбоотой шийдвэрүүд зонхилж байна.



Бүх төрлийн нийгмийн халамжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр үргэлжлүүлэн олгоно


Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор сар бүр хүүхдэд олгодог 100 мянган төгрөгийн тэтгэмжийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэв. Цар тахлын нийгэм эдийн засагт үзүүлэх хүндрэлийг даван туулахын тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд Засгийн газар өнгөрсөн 4 дүгээр сараас 20 мянган төгрөг байсан хүүхдийн мөнгийг 100 мянга болгон нэмэгдүүлж, 10 дугаар сар хүртэл олгохоор шийдвэрлэсэн ч он дуустал олгохоор сунгаад байсан юм. Ингэснээр манай улсын 18 нас хүрээгүй 1,1 сая орчим иргэн сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмжээ үргэлжүүлэн авахаар болж байна. 


Мөн бага орлоготой эмзэг бүлгийн иргэдэд олгодог хүнсний талоныг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр үргэлжүүлэн олгоно. Ингэснээр 122 мянган насанд хүрэгч 32 мянган төгрөг, 118.2 мянган хүүхэд тус бүр 16 мянган төгрөгийн хүнсний талоны дэмжлэг авна. Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настнууд, тэжээгч болон асран хамгаалагчгүй, хагас, бүтэн өнчин хүүхэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, одой хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг 62 мянган иргэнд Нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн үргэлжлүүлэн олгох аж. Нийт 72 төрлийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг ирэх оны төсөвт тусгасан учир хуваарийн дагуу иргэдэд түргэн шуурхай, олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр олгох юм.



Нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татварт торгууль, алданги тооцохгүй 


Засгийн газраас иргэд болон ААН-үүдийг 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэл Нийгмийн даатгалын шимтгэл болон Орлогын албан татвараас чөлөөлсөн. Харин үргэлжлүүлэн 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хөнгөлөлттэй хэлбэрээр буюу даатгуулагчийн төлөх шимтгэлийг тус бүр 50 хувиар бууруулж, 10 хувь болгон тогтоосон бол 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дээрх чөлөөлөлт болон хөнгөлөлтөд хамрагдсан ажил олгогч ААН, даатгуулагч нь НДШ-ийг 22 хувиар төлөх учиртай. Тэгвэл ирэх 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл, албан татвар төлөөгүй ААН, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж УИХ, Засгийн газрын хуралдаанаас хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар болжээ. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн нь улсын төсөвт 1 их наяд төгрөгийн дарамт учруулж төсвийн нөхцөл байдал сайнгүй байгаатай холбогдуулан энэ удаа ажиллагсдын НДШ-ийг урьдынх шиг бүрэн чөлөөлөх боломжгүй байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэмдэглэсэн юм. 



Бүх төрлийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зохицуулалт хийж, ААН-ийг түрээсийн орлогын албан татвараас чөлөөлнө


Төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэж хойшлуулах, ингэхдээ үлдэгдэл төлбөрийг нэмэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалт хийхээр шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэлтэй 78 мянган иргэн байгаагаас 38 мянган иргэн Засгийн газрын шийдвэрийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-ний хооронд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэмдэглэв.   


Түүнчлэн банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгуул алданги тооцож, хүүг нэгтгэх байдал зэргээр зээлдэгчдэд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэхийг зөвлөлөө. Арилжааны банкны нийт зээлийн хэмжээ 17.2 их наяд төгрөг байгаагийн 9.2 их наяд нь иргэдэд олгосон хэрэглээний зээл байгаа юм.


Мөн 2020 оны 11 дүгээр сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон үйлдвэр үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслэсэн албан татварч төлөгч түрээсийн үнээ бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр нь түрээсийн орлогод ноогдуулах аж ахуйн нэгжийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулахыг Ерөнхий сайд холбогдох албаны хүмүүст даалгалаа. 



Өрх бүрт 1 сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн саналын дэмжсэнгүй


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын энэ үед айл өрх, ААН-ийг дэмжих зорилгоор 6 санал гаргаж Ерөнхий сайдад хүргүүлсэн. Үүний дотор өрх бүрт 1 сая төгрөгийн тэтгэмж олгох, ингэхдээ 200 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр 800 мянган төгрөгт дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг авах эрхийн бичиг олгохоор зохицуулалт хийхийг санал болгосон. Гэвч 900 тэрбум төгрөгийн өртөг бүхий дээрх саналыг Засгийн газар дэмжээгүй. Учир нь Засгийн газраас авч хэрэгжүүлж буй одоогийн нийгмийн халамжийн бодлого үүнээс илүү үр өгөөжтэй хэмээн дүгнэсэн байна. Харин Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан ипотекийн зээл, түрээс, НДШ, татваруудтай холбоотой саналыг их бага хэмжээгээр Засгийн газрын шийдвэрт тусгасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэмдэглэсэн юм.


Эм, хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлнө


Ирэх оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийг тогтвортой байлгах зорилгоор оношлуур эм эмнэлгийн хэрэгслэл, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөллөө. Монгол Улс өнөөдрийн байдлаар амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэгслийн 3 сарын нөөцтэй байгааг Эрүүл мэндийн сайд Ц.Мөнхсайхан тэмдэглэв. Цаашид эмнэлгийн хэрэгслийн хангамжийг тогтвортой нэмэгдүүлэх бөгөөд ингэхдээ дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого баримтлах юм. Мөн импортоор орж ирж буй будаа, ургамлын тос, малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний буудай, тослог ургамлыг мөн гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгалаа. 



Түүхий эдийн экспорт хэвийн үргэлжилнэ


Манай улс 2020 оны эхний 10 сард 25 сая тонн нүүрс экспортлоод байна. Жилийн эхний хагаст цар тахалтай холбоотойгоор нүүрсний экспортын төлөвлөгөө 52 хувиар тасарсан ч сүүлийн 4 сард алдагдсан боломжоо нөхөж 14 сая тонныг экспортолжээ. Ирэх онд голлох түүхий эд болох нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэх зорилт тавьсан юм.


Цар тахлын үед ашигт малтмал газрын тосны экспортыг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор хилийн боомтыг халдвар дэглэмийг сайн сахиулж, хүчин чадлаар нь ажиллуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн Монгол, Хятадын хилийн боомтын ногоон гарцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмал газрын тосны газрын экспортыг тасралтгүй үргэлжлүүлэх саналыг нөгөө талд тавьж, шийдвэрлүүлэхийг УУХҮ-ийн сайд Ёндонд даалгав. "Тавантолгой", "Нарийн сухайт" бүлэг орд, "Оюутолгой"-н ордын хүрээнд нийт түүхий эдийн 90 орчим хувийг экспортолдог Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор тээвэр хийж байгаа жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулж, тээвэрлэлтийн дараалал үүсгэхгүйгээр зохион байгуулах юм. 


Холбоотой мэдээ