Хорио цээрийн дэглэмийг зөрчсөн 9 тохиолдлыг илрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-20 11:26:45
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Анхбаатар:

-Аймгийн хэмжээнд 42 постод Цагдаагийн 42 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Эрдэнэбулган сумын хэмжээнд 5 постод 15 алба хаагч 3 ээлжээр, суманд 8 чиглэлд цагдаагийн 16 алба хаагч, 32 төрийн албан хаагч эргүүл хяналт хийж ажиллаж байна. Хөдөлгөөнт эргүүлд автомашинаар 3 чиглэлд 6 алба хаагч ажиллаж байна.

-Сэлэнгэ аймгаас ирж, зөвшөөрөлгүй аймгийн постоор орохыг завдсан 6 иргэнийг таслан зогсоож, тусгаарлалтад аваад байна. Цагдаагийн 3 албан хаагч Онцгой байдал, Эрүүл мэндийн байгууллагын ажилчид хамтраад ээлжээр хяналт тавьж байна.

-Хорио цээрийн дэглэмийг зөрчсөн 9 тохиолдлыг илрүүлсэн. 11 автомашинтай 62 иргэнд зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна. Цахим орчинд хуурамч мэдээлэл тараасан нэг иргэнийг илрүүлж, 500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан.

-Халдварын эрсдэлтэй бүс нутгаас ирж, нэвтрэхийг завдсан иргэдийн хөдөлгөөн тасрахгүй байна. Улаанбаатараас 2 автомашинтай иргэд нэвтрэхийг завдсаныг постоор оруулалгүй буцаасан. Хуурамчаар бичиг баримт үйлдэж, постоор нэвтрэхийг завдсан үйлдэл гарч байна.

-Хүнсний дэлгүүрүүд архи согтууруулах ундаа нууцаар зарсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 зөрчлийг, согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 3 зөрчлийг тус тус илрүүлээд байна.

Холбоотой мэдээ