Азербайжанд Гран-При тэмцээн зохион байгуулах гэрээг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-09-21 13:37:32

БАКУ, 2025 оны есдүгээр сарын 21 /AP/. “Формула-1” ангиллын авто уралдааныг зохион байгуулагчид болон Азербайжаны Засгийн газрын хооронд байгуулсан гэрээг бямба гарагт сунгаснаар Азербайжаны Гран-При тэмцээн уг уралдааны хуваарьт 2030 он хүртэл бичигдэхээр боллоо. Бакугийн гудамжуудад авто уралдааныг зохион байгуулах гэрээ ирэх жилийн уралдааны дараа дуусгавар болох ёстой байв.


Азербайжан 2016 онд анх авто уралдааныг зохион байгуулахаар сонгогдоход тус улсыг гэнэтийн сонголт байсан гэж олон нийт үзэж байсан боловч өдгөө тааварлашгүй уралдааныг санал болгодог гэдгээрээ алдартай болжээ. Энэхүү уралдаанд нэгээс олон удаа түрүүлсэн цорын ганц нисгэгч бол Мексикийн уралдаанч Серхио Перес юм.


“Энэхүү уралдааны зам бол гайхалтай далайн эрэг, эртний түүхт хотоор дамжин өнгөрөх техник шаардсан хэсгүүд, урт шулуун замуудаараа өвөрмөц онцлогтой юм. Гэрээг сунгах шийдвэр нь “Формула-1”, Азербайжаны Засгийн газар хоорондын бат бөх итгэлцэл, тууштай байдлыг харуулж байна” гэж “Формула-1” группийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Стефано Доменикали мэдэгджээ.


Өнгөрсөн онд Азербайжаны Гран-Приг үзэхээр дэлхийн 70 гаруй улс орон, бүс нутгаас хөгжөөн дэмжигчид ирж, тэмцээнийг телевизээр үзсэн хүмүүсийн тоо 66 саяд хүрсэн гэж зохион байгуулагчид мэдээлсэн байна. Энэ жилийн Гран-При тэмцээн ням гарагт болно. 

Холбоотой мэдээ