Д.Нарангэрэл: Үйлчилгээний байгууллага заавал тусгаарлах өрөөтэй байх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-11-20 11:16:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нар сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Багц өвчлөл хэдэн газар гарсан бэ?

-Нийслэл хот болон 5 аймагт өвчин коронавирус бүртгэгдсэн. Нийт 120 тохиолдол бүртгэгдээд байна.


-Халдвар хүнсээр дамжих уу?

-Дэлхий нийтэд хүнээр дамжсан тохиолдол бүртгэгдээгүй. Харин хүнсний гадуурх сав, баглаа, боодлоор коронавирус дамжсан тохиолдол Сингапур, Австрали, БНХАУ-д бүртгэгдсэн байна. Тэр дундаа БНХАУ-ын хүнсний захын кластер бол хүнсний сав, баглаа, боодлоос тархсан байх магадлалтай гэсэн судалгаанууд бий.


-Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбоотой зөвлөмж өгнө үү?


-ЭМЯ-ны “COVID-19” хуудсанд энэ талаар зөвлөмж гарсан. Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой гурван зөвлөмж бий. Байгууллага бол ажилтнуудынхаа халууныг үзэж, тэмдэглэл хөтлөх бөгөөд амны хаалт зүүлгэх үүрэгтэй. Мөн үйлчлүүлэгч зайгаа барих 1.5-3 метрийн тэмдэглэгээг зайлшгүй хийсэн байх ёстой. Гуравдугаарт, лангуу, тэрэг, сагс зэргийг 25 мл близна хийсэн 1 литр усаар өдөрт 2 удаа арчиж ариутгах ёстой. Мөн карт уншигч машиныг спиртэн суурьтай хөвөнгөөр арчих, бэлэн мөнгөөр тооцоо хийх бол үйлчлэгч болон үйлчлүүлэгч бээлий өмссөн байх шаардлагатай. Жимс жимсгэнэ, цагаан идээ зэргийг ил задгай байрлуулахыг хориглох бөгөөд амталгаат худалдаа хийж болохгүй. Улмаар иргэнд хүнсний хавчаараар авч өгөх ёстой юм.

Түүнчлэн ширээ сандал, тавцан, хаалганы бариулыг зориулалтын шүршигчээр шүрших эсхүл хлортой усаар арчих, бие ззасах газрыг өдөрт 2-3 удаа ариутгах ёстой. Харин албан хаагчид амны болон нүүрсний хаалт зүүж, бээлий өмсөх, гараа угаах ёстой. 38 хэмээс дээш халуунтай, үнэр амт мэдрэхээ болих, бие арзайх зэрэг шинж тэмдэг илэрвэл ЭМЯ-ны 1800-0119, 119 дугаарын утсанд хандаж, зөвлөгөө авах ёстой. Мөн ийм шинж тэмдэгтэй ажилтнаа нэн даруй тусгаарлах ёстой тул үйлчилгээний байгууллага заавал тусгаарлах өрөөтэй байх шаардлагатай.

Харин худалдан авагч нар амны хаалт зүүх, нойтон сальфетка эсхүл гар ариутгагчтай явах ёстой. Мөн хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй байх, амталгаа хийхгүй байх, зай барих хэрэгтэй. Түүнчлэн гэртээ ороод бүтээгдэхүүний сав, баглаа, боодлыг сод, давстай усаар арчсаны дараа хэрэглэх ёстой. Ингэсний дараа гараа сайтар угааж хэвших хэрэгтэй.

Холбоотой мэдээ