"G20"-ийн удирдагчид дэлхийг хүчтэй, тогтвортой, тэнцвэртэй, бүрэн дүүрэн эрин үе рүү хөтлөхөө амлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-23 09:49:24

МОСКВА. /RIA Novosti/. “G20” буюу “Хорийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид дээд хэмжээний уулзалтынхаа үр дүнгийн талаарх тунхаглалыг баталж, “шинэ коронавирусний цар тахлын дараа дэлхийг хүчтэй, тогтвортой, тэнцвэртэй, бүрэн дүүрэн эрин үе рүү хөтлөхөө амлав".


“Эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн салбар нь “COVID-19-ийн харилцан хамааралтай үр дагавартай тулгарах үед бид хөгжиж буй болон буурай хөгжилтэй бүх улс орныг урьдын адил дэмжихэд бэлэн байна” гэж баримт бичигт дурджээ.


“G20” мөн ядуу буурай орнуудыг “COVID-19”-ийн вакцин, эм бэлдмэл, оношлуур хуваарилах үйл явцын гадна үлдээхгүйн тулд дэлхий даяар тэгш, хүртээмжтэй түгээх үйл явцыг дэмжих үүрэг хүлээлээ.    


Түүнчлэн тунхаглалд ядуу буурай орнуудын өрийн эргэн төлөлтийн хугацааг 2021 оны 6 дугаар сарыг дуустал зогсоохыг “G20”-ийн удирдагчид дэмжиж байгааг мэдэгджээ. Удирдагчдын мэдэгдсэнээр, дэлхийн эдийн засаг сэргэж эхэлж байгаа боловч энэ үйл явц "тэгш бус, туйлын тодорхойгүй, уналтад орох эрсдэл их байна".


“G20”-ийн орнууд “амь нас, ажлын байр, орлогыг хамгаалахын тулд шаардлагатай бүхий л бодлогыг үргэлжлүүлэхээ” амлаж, ядуу буурай орнуудад хямралыг даван туулахад туслах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг хөгжилтэй орнуудын банкуудад уриалав.


"Олон талт худалдааны тогтолцоог дэмжих нь одоо урьд урьдынхаас илүү чухал болж байна. Бид чөлөөтэй, шударга, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, ил тод, урьдчилан таамаглах боломжтой худалдаа, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бий болгох, мөн хилээ нээлттэй байлгахыг эрмэлзэж байна. Бизнесийн таатай орчныг бий болгохын тулд ижил тэгш нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бид үргэлжлүүлэн ажиллах болно" гэж баримт бичигт дурдсан байна.


Хоёр өдөр үргэлжилсэн “G20”-ийн дээд хэмжээний уулзалт Эр-Риядын тунхаг бичгийг баталснаар өндөрлөж, Саудын Арабын даргалах эрхийг Италид шилжүүлжээ.


“G20” нь 1999 оноос хойш оршин тогтнож ирсэн эдийн засгийн хувьд хөгжингүй, хөгжиж буй орнуудын холбоо юм. Таван тивийн төлөөлөл болсон 19 улсаас гадна /Австрали, Аргентин, Бразил, Их Британи, ХБНГУ, Энэтхэг, Индонез, Итали, Канад, БНХАУ, Мексик, ОХУ, Саудын Араб, АНУ, Турк, Франц, ӨАБНУ, БНСУ болон Япон/ Европын Холбоог оролцуулан 20 гишүүнтэй. Дэлхийн банкны мэдээллээр, энэхүү бүлгийн улс орнууд дэлхийн ДНБ-ий 80 хувийг үйлдвэрлэж байгаа бол дэлхийн нийт хүн амын 64 хувь нь оршин сууж байна.


 


Холбоотой мэдээ