Төмөр замд өчигдөр 362 хүнийг шинжилгээнд хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-24 12:41:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ-ын хэмжээнд өчигдөр, 11 дүгээр сарын 23-нд 362 хүнийг "COVID-19"-ийн шинжилгээнд хамруулжээ. Энэ талаар УБТЗ ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр төмөр замд ажиллаж буй ЗТХЯ-ны Шуурхай бүлгийн ээлжит хуралдаан дээр мэдээлэв. 

Өнөөдөр нийслэлийн Баянгол дүүргийн, төмөр замын ажилчид олноор амьдардаг 1, 4, 6, 24 дүгээр байрны иргэдээс шинжилгээ авч байна. Мөн тэрээр УБТЗ-д өдөр тутмын 3991 ажлын байр, мэргэжлийн 298 ажлын байрны 20 гаруй мянган ам дөрвөлжин метр талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн талаар мэдээллээ.

МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал Шуурхай бүлгийн хуралд мөн мэдээлэл хийж, “ЗТХ-ийн сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу УБТЗ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албатай 11 зөвлөмжийг чиглэл болгоноор гаргаж, 10 заалттай ажлын төлөвлөгөө, халдваргүйтэлтэй холбоотой 8 заалт бүхий аргачлалыг боловсруулж, системийн хэмжээнд хэрэгжүүлэх боломж бүрдүүлэн ажиллаж байгаа"-г тайлагнав. 


Шуурхай бүлгийн ахлагч, ЗТХ-ийн сайд Л.Халтар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын нөхцөлд төмөр замчидтай хамтран ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагынханд талархаж буйгаа илэрхийлээд УБТЗ-ын хэмжээнд анхаарч ажиллах зарим үйл ажиллагааг үүрэг болгов. Үүнд:

  • Төмөр замын нийт ажилтан, албан хаагчдын судалгаа, тооцоог нарийн чанд гаргаж ажиллахыг УБТЗ-ын удирдлага Хүний нөөцийн албанд онцгой анхааруулах,
  • Төмөр замын 11 ажлын байранд 40 ахмад санаачилгаараа ажиллаж эхэлсэнд УБТЗ-ын бүх ахмад ажилтанд яамны удирдлагын зүгээс талархаж байгааг уламжлах, 
  • Зангилаадын төмөр замын төлөөлөгч нар зангилаа болгон дээр ажиллаж байгаа Ахмадын зөвлөлтэй уялдаа холбоотой байж, төмөр зам дээр ажиллах бололцоотой ахмадуудынхаа судалгааг үргэлжлүүлж хийх, 
  • Замын-Үүдэд үүсээд байгаа бөөгнөрөл, шилжүүлэн ачилтын зохион байгуулалтад Тээвэр зохион байгуулалтын алба онцгойлон анхаарах, 
  • “Монголросцветмет” компанийн хангалтад анхаарч, 7 хоногт авдаг тайланг 2 хоног тутамд авдаг болох, 
  • Дарханаас гадна Улаанбаатар, Сайншандын шугам замын худалдааны төвүүдэд чиглэл өгч, өртөө, зөрлөг, замын хэсгүүдэд хүргэх хүнсний түгээлтэд онцгой анхаарч, мэдээ гаргах, 
  • Таваарын контор болон дамжуулах конторууд дээр ариутгалын аппарат тавьж өгөхдөө давын өмнө хоёр хилийн өртөөний дамжуулах конторт хамгийн түрүүнд ариутгал, агаар чийгшүүлэлтийн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглох, 
  • Хоёр хилийн өртөөн дээр бичиг баримтаас арчисын шинжилгээ авч, УБТЗ Эрүүл мэндийн лабораторид чиглэл өгч Улаанбаатар болон бусад газар дээр ОХУ-аас бууж байгаа ачаануудын гадаргуу дээрээс арчдасын шинжилгээг туршилтаар авч дүгнэлт гаргах зэрэг үүрэг, чиглэл өглөө. 



Холбоотой мэдээ