Хувиараа хөдөлмөр эрхлэгчид "COVID-19"-ийн нөлөөнд хамгийн их хохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-24 17:09:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Худалдааны танхимаас "COVID-19" цар тахал, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хөл хорионоос бизнест үзүүлж буй нөлөөллийн талаар 3 түвшинд судалгаа хийжээ. Хамгийн сүүлд тус танхимаас бизнес эрхлэгчдийн дунд эдийн засгийн хүндрэлийн эсрэг Засгийн газраас авч буй арга хэмжээ хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт буюу бичил бизнес эрхлэгч нарт хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Энэ талаар Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Хаш-Эрдэнээс тодрууллаа. 


-Судалгаанд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулсан нь ямар зорилготой байв?

-Бид бизнесийн энэ бүлгийг тусгайлан авч үзсэн. Яагаад гэхээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа ААН, компаниуд, тэнд ажиллаж буй хүмүүс гэх зэргээр тогтмол орлоготой иргэдэд илүү чиглэсэн. Гэтэл энэ бүхнээс хувиараа хөдөлмөр эрхэлж, өөрөө өөртөө ажил олгож буй өрхийн үйлдвэрлэгчид, бичил бизнес эрхлэгчид орхигдсон. 

Тийм учраас бид Засгийн газраас авсан арга хэмжээ энэ хэсэгт хүрч чадсан эсэхийг судлах зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нийт 1652 хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд судалгаа хийсэн. Судалгааг хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй биечлэн уулзахаас гадна цахим хэлбэрээр авлаа. 



-Судалгааны дүн ямар гарав?

-Үр дүнгээс харахад цар тахлын үед эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газраас авсан арга хэмжээ хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд огт нөлөөлөөгүй гэсэн ерөнхий дүгнэлт гарлаа. Учир нь дээрх арга хэмжээнд Хүн амын орлогын албан татвар, НДШ-ийг хөнгөлөх, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, халамж, тэтгэмжийг нэмэгдүүлэх зэргээр ААН-үүд багтсан буюу тогтмол орлоготой иргэдэд илүү чиглэсэн. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд бараг нөлөөлөөгүй. Энэ нь тэд тогтмол орлоготой биш, нийгмийн даатгалд хамрагддаг нь цөөн, судалгаанд оролцсон ихэнх хувиараа хөдөлмөр эрхлэгч нар хуулийн дагуу татварын байгууллагад бүртгүүлээгүй, өнөө маргаашаа аргацаасан хэлбэрээр бизнес эрхэлж байгаа, бидний хэлж заншсанаар сүүдрийн эдийн засагт ажилладаг иргэд байгаатай холбоотой юм. 

Судалгаагаар жижиглэн худалдаа эрхлэгчдийн борлуулалтын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 28 дахин багассан бол бөөний худалдааны салбарынх 138, үйлчилгээний салбар 153, харин үйлдвэр эрхлэгчдийн хувьд орлого нь 139 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 


Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн борлуулалтын орлого (бүс нутгаар, төг.)



Өнгөрсөн оны 5-7 дугаар сард жижиглэн худалдаа эрхэлдэг нэг хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дундаж орлого 78 сая төгрөг байсан бол энэ онд 2.8 сая төгрөг болж буураад байна. Тэгэхээр эндээс хамгийн их хохирсон хүмүүс нь жижиглэн худалдаа эрхлэгчид гэдэг нь харагдаж байгаа юм. Жишээ нь, бүс нутгаар авч үзвэл нийслэлд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн борлуулалтын орлого хамгийн их буюу 9.1 дахин буурсан бол хамгийн бага туссан нь Сүхбаатар болон Хөвсгөл аймаг байна. Улаанбаатар хотод ийм ихээр буурч нөлөөлсөн нь нийслэлийн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 80 гаруй хувь нь жижиглэн худалдаа эрхэлдэг учраас орлого нь хамгийн их буурчээ.

Улаанбаатар хотод бүртгэлтэй 17677 хувиараа хөдөлмөр эрхлэгч нийтдээ 1.3 их наяд төгрөгийн борлуулалтын орлогоо алджээ.


-Тэгвэл цаашид Засгийн газраас ямар арга хэмжээ, зохицуулалтыг хэрэгжүүлэх ёстой байна. Энд ямар шийдэл санал байгаа вэ? 

-Жижиглэн худалдаа эрхлэгчид дараагийн шатанд гарч, хамтран хоршоо, компани болон нэгдэх ёстой байна. Төрийн байгууллагуудын зүгээс хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан тусгай бодлого боловсруулах хэрэгтэй байна. Тодруулж хэлбэл, төр, засгаас хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт зориулсан нөлөөллийн ажил зохион байгуулж, чадавхжуулах замаар дараагийн шатанд гаргах буюу компани, хоршоо болгон хөгжүүлэх хэрэгтэй байна. Ингэж байж сүүдрийн эдийн засагт байгаа энэ бүлгийг гэрэлд гаргаж ирнэ. Дагаад татвар төлөлт нэмэгдэж, татварын бааз өргөжинө, эдийн засгийн бүртгэл сайжирна. 

Эдгээр арга хэмжээг нэг нэгээр нь биш цогцоор нь хэрэгжүүлэхгүй бол бас л үр дүн багатай байх болно. Гэтэл энд бодлого байхгүй учраас энэ хүмүүс жижиг лангуу түрээслэх, бөөний төвөөс бараа худалдан авч, жижиглэнгээр зарж борлуулан амьдарч байна. Бизнесийн энэ онцлогоосоо шалтгаалан "COVID-19"-тэй холбоотой хөл хорионы үеэр хувиараа хөдөлмөр эрхлэгчид илүү өртсөн. 


Холбоотой мэдээ