НДС-гаас тэтгэвэр тэтгэмж олгох үйлчилгээ хэвийн үргэлжилж байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-11-25 13:10:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн НДХ-ээс хорио цээрийн дэглэмийн энэ үед Нийгмийн даатгалын сангаас иргэдийн авдаг тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

"Ковид-19" цар тахлаас урдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар зарласан бүх нийтийн бэлэн байдал, хорио цээрийн дэглэмийн үед тус байгууллага НДС-гаас олгож байгаа бүх төрлийн тэтгэвэр тэтгэмжийг хэвийн олгож байгаа ажээ.

Энэ оны аравдугаар сарын байдлаар тус аймгийн хэмжээнд тэтгэврийн даатгалын сангаас 7648 иргэн тэтгэвэр авч байна. Нийт тэтгэвэр авагчдын 83.4 хувь буюу 6378 иргэн өндөр насны, 11.6 хувь буюу 886 иргэн тахир дутуугийн, 3.1 хувь буюу 241 хүн тэжээгчээ алдсаны, 1.9 хувь буюу 143 иргэн цэргийн тэтгэвэр авдаг байна.

Тус байгууллагаас өгсөн мэдээллээр шинээр тэтгэврээ өөрчлөн тогтоосон, хорионы өмнө баримтаа бүрдүүлж өгсөн даатгуулагчийн тэтгэврийг тогтоогоод олгож байгаа ба хөл хорионы үед тэтгэвэр авах эрх нь үүссэн ч өргөдлөө өгч чадаагүй иргэд, даатгуулагч байвал хөл хориог цуцалсны дараа цахимаар болон бичгээр хүсэлтийг нь хүлээж аваад эрх үүссэн хугацаанаас нь нөхөж олгохоо мэдэгдлээ.  

Хорио цээр тогтоосон энэ үед буюу 11 дүгээр сард тахир дутуугийн тэтгэвэр тогтоосон хугацаа дууссан иргэнд тэтгэвэр, тэтгэмжийг нь олгож байгаа ба 12 дугаар сарын нэгнээс хойш буюу хорио цуцлагдсаны дараа ВТЭК-ийн хурлаараа орж, хугацаагаа сунгуулж болох аж.  

Өндөр насны тэтгэвэр болон жирэмсний амаржсан, хөдөлмөрийн чадвар алдсан, тэжээгчээ алдсан, тахир дутуугийн зэрэг тэтгэвэр авах эрх нь үүсээд бичиг баримтаа бүрдүүлж чадаагүй бол “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай гэж үзэн гурван сарын хугацаанд, оршуулга, жирэмсний амаржсан, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг зургаан сарын дотор нөхөж олгох юм байна. 

Холбоотой мэдээ