Япон дахь Монголын докторант, судлаачдын нэгдсэн форум цахимаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-11-25 09:28:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Япон улс дахь докторант, судлаачдын бүлгэм”-ээс ээлжит “Эрдэм-шинжилгээний Нэгдсэн форум”-ыг “Эх орны хөгжилд шинжлэх ухаан” уриан дор гурав дахь жилдээ энэ сарын 23-нд зохион байгууллаа.


Япон улсад сурч төгссөн болон суралцаж буй 241 докторант, судлаачийг эгнээндээ нэгтгэж, 2016 оны тавдугаар сард байгуулагдсан тус бүлгэм жил бүр Токио хотноо эрдэм шинжилгээний форум зохион байгуулж ирсэн. Энэ жил “COVID-19” халдварын нөхцөл байдлаас улбаалан онлайнаар зохион байгуулж, нийт 239 судлаачид оролцлоо.

Форумыг доктор, докторантур оюутнууд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа танилцуулан илтгэл тавих, салбар салбарын түүчээ болж яваа эрдэмтдийн  туршлагыг сонсож, харилцан суралцах, хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр зохион байгуулав. Энэхүү форумын зорилго нь судлаачид  харилцаа холбоогоо тэлэх, шинээр төсөл-судалгаа санаачлах, цаашид хамтран ажиллах боломжийг бий болгоход чиглэлээ.

Форумын зочин багшаар Япон улсын  Цүкүба их сургуулийн профессор, Монгол Улсад олон жил судалгаа хийж ирсэн хөрс судлаач Тамура Кэнжи “ Корона вирус ба Япон дахь сургуулийн амьдрал” сэдвээр, Монгол Улсын ШУТИС-ийн Нээлттэй боловсролын захирал, профессор Д.Ганбат “Боловсролд гарч буй өөрчлөлт. Нээлттэй боловсролын нөлөө” сэдвээр илтгэл тавив.

Энэ жилийн форум “Нэгдсэн” болон “Тусгай” хэмээх үндсэн хоёр хэсгээс бүрдэж, салбар салбарын судлаачдын илтгэлийг хэлэлцүүлснээс гадна, “COVID-19” халдварыг тойрсон зарим асуудлыг хөндөж, Америк, Солонгос, Япон, Монгол Улсаас Боловсрол, Сувилахуйн Ухаан, Нийгмийн Ухаан зэрэг салбарын судлаач, эрдэмтэд оролцож, судалгаа болон практик арга хэмжээний талаар мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо.

Форумыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам, Японы их дээд сургууль, Япон дахь монгол холбоод дэмжиж, хамтран ажиллаж ирсэн бол энэ жилийн хувьд БШУЯ мэдээллийг түгээхэд дэмжин оролцсон  нь онцлог байлаа.

Холбоотой мэдээ