Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-25 11:38:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан энэ сарын 24-нд болж, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай хэлэлцэв.  

Тус хөтөлбөрийн зорилго, зорилт, онцлогийн талаар аймгийн Засаг дарга Б.Дүгэржав дэлгэрэнгүй танилцуулсан юм. 

Тодруулбал, Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг холбогдох ажлын хэсгийнхэн Монгол Улсын хөгжлийн бодлогын томоохон баримт бичгүүдэд тулгуурлан боловсруулжээ. Ингэхдээ Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлтэй уялдуулж, иргэд, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоо, хөдөөгийн сумдаас санал авах хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан аж. Улмаар давхардсан тоогоор 1100 гаруй саналыг нэгтгэн боловсруулснаараа онцлогтой.

Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, хүний хөгжлийг дэмжсэн “Стандарттай-Шинэ Ховд”-ыг цогцлоох зорилгоор боловсруулсан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд зургаан бүлэг бодлогын асуудлын хүрээнд зорилго, зорилтуудыг тодорхойлж, нийт 263 ажлыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Уг зургаан бүлэг асуудалд коронавирусний халдварын тархалтаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн асуудлыг даван туулах бодлого, Хүний хөгжлийн бодлогын асуудал (Эрүүл мэнд, Биеийн тамир, спорт, Боловсрол, Шинжлэх ухаан, технологи, хөдөлмөр нийгмийн хамгаалал, Үндэсний бахархал, өв соёл зэрэг), Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Сум, орон нутгийн хөгжлийн бодлогын асуудал тус тус багтаж байгаа юм.

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу Үндэсний хөгжлийн газраар хянуулсан. Улмаар тус газраас ирүүлсэн санал болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн саналыг тусган хэлэлцэж, баталлаа.

Холбоотой мэдээ