Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд 457.3 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-25 12:01:40

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан энэ сарын 24-нд болж, таван асуудал хэлэлцсэн. Үүний нэг бол 2020 оны төсөв батлах тухай 10/06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх байв. 

Өөрөөр хэлбэл, коронавирусний халдварын үед хүнсний хомсдол үүсэж болзошгүй. Тиймээс уг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгор мах, гурил, будаа, элсэн чихэр зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх үүднээс тодорхой хэмжээний төсөв буюу 457.3 сая төгрөгийг батлах хэрэгцээ шаардлага байгаа аж. Иймд тус  асуудлыг хоёрдугаар хуралдааны үеэр нээлттэй хэлэлцэж, төлөөлөгчдийн саналыг тусгах замаар тогтоолын төслийг баталлаа. 

Энэ удаагийн хуралдааныг хааж Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэллээ. Тэрбээр “Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны зарчим, удирдлагын тогтолцоо, эрх хэмжээний хүрээнд нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар санал бодлоо уралдуулан, асуудлыг хамтдаа шийдэж, уг хуралдаанд ажил хэрэгчээр оролцсон нийт төлөөлөгчдөд талархал илэрхийлье. Коронавирусний халдварын тархалтын улмаас улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон. Энэ үед анх удаа “цахим”-аар зохион байгуулсан тус хуралдааны үеэр төлөөлөгчид олон чухал санал гаргаж, Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулсан нь орон нутгийн хөгжилд чухал үр дүнгээ өгнө” гэж онцоллоо.

Энэ удаагийн хуралдаанд 15 төлөөлөгч танхимаар, 25 төлөөлөгч цахимаар оролцлоо. Дараагийн буюу аймгийн ИТХ-ын  гуравдугаар хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахаар товлосон аж. 



Холбоотой мэдээ