Айл өрхүүдэд түлээний модыг хүргэлтээр үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-25 18:08:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт короновирусний халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын тархалтаас үүдэн айл өрхүүдэд түлээний хомсдол үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиулж иргэдийн түлээний модыг бэлтгүүлэх ажлыг аймгийн БОАЖГ-аас зохион байгуулж байна. Сүхбаатар сумын иргэдийн түлээний модыг "Шинэ бадрах" ХХК бэлтгэж, "Тулга" модны захаас иргэдийн захиалгын дагуу хүргэлт хийж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 104 өрхийн хэрэглээнд 52 шоо метр түлээний модыг хүргэжээ.

Ташрамд дуулгахад, түлээний модыг жижиглэнгээр худалдаалж байгаа бөгөөд мод авах иргэдийн захиалгыг 99607076 дугаарын утсаар хүлээн авч байгаа аж. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш өнөөдрийн байдлаар Алтанбулаг сум 313 шоо.м, Баруунбүрэн сум 100, Жавхлант сум 40, Ерөө сум 162,  Мандал сум 1484, Шаамар сум, Дулаанхан тосгон 74, Сүхбаатар сум 82, Хүдэр сум 380, Зүүнбүрэн сум 60 шоо.м түлээний модыг сумдад олгосон байна. Иргэд хүсэлтээ оршин сууж буй орон нутгийнхаа багийн Засаг даргаар дамжуулан сумын ЗДТГ-т хандаж асуудлаа шийдүүлэх юм байна.

 

Холбоотой мэдээ