Батцэнгэл сум дахь нэг хавьтлын шинжилгээний хариу гараагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-27 17:10:15

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Өнөөдөр Батцэнгэл суманд Улаанбаатар хотоос батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч ирсэн болох нь тогтоогдсон тул, нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн Онцгой комиссоос шуурхай баг гарган, тандалт судалгааны ажлыг хийж байна. Одоогийн байдлаар шинжилгээний хариу гараагүй, сумын Онцгой комиссоос хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн түргэвчилсэн оношилгооны хариу гарч, онцгой нөхцөл байдал үүсвэл аймгийн шуурхай штабаас мэдэгдэл гаргаж ажиллана гэв.

Цагдаагийн газрын дарга Э.Золбаатар мэдээлэлдээ: Цагдаагийн газраас хөл хорионы дэглэмийг сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар хяналтын 42 пост /сумын 37, аймгийн 5/, эргүүлийн 8 чиглэл, тусгаарлалтын 5 байршилд нийт 124 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Мөн хөдөлгөөнт эргүүлд 4 автомашин 8 алба хаагч ажиллаж байна. Хорио цээрийн хугацаанд 15 зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд хөл хорионы дэглэм зөрчсөн 14 тээврийн хэрэгсэлтэй 73 иргэн, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл түгээсэн 1 иргэнд Зөрчлийн тухай хуулиар 500,0 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Дээрх 14 зөрчилд холбогдох шалгалтыг хийж зөрчлийн шинжгүй учир 3 зөрчлийг татгалзаж, 9 зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгаж, 1 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үлдсэн 8 зөрчлийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Хөл хорионы дэглэм тогтоосноос хойш согтуугаар зөрчил гаргасан 14 мэдээлэл бүртгэгдсэн ба задалбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7, гэр бүлийн хүчирхийллийн 5, танхайрсан 2 зөрчил байна.  

Холбоотой мэдээ