Гурван чиглэлээр иргэдээ татан авна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-11-28 22:19:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас 11 дүгээр сарын 28-нд сумдын удирдлагуудтай цахим хурал хийж, Улаанбаатар хотоос иргэдээ хэрхэн татах асуудлаар ярилцлаа. 


Тодруулбал, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 146 дугаар тушаалаар батлагдсан "Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам"-ын хэрэгжилтэд онцгой анхааран ажиллахыг хурлын үеэр сумдын удирдлагуудад танилцуулж, журмыг чанд баримтлах талаар үүрэг чиглэл өгөв. 

11 дүгээр сарын 27-ны байдлаар Улаанбаатар хотоос 4000 гаруй иргэн Говь-Алтай аймагт ирэхээр www.119.mn-д бүртгүүлээд байгаа тухай тус аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэв. Эдгээр иргэдийг 12 дугаар сарын нэгнээс гурван чиглэлээр авах аж. Тухайлбал, ирэх сарын 1-нээс хувийн унаа болон нийтийн тээврээр, харин 12 дугаар сарын 2-нд “Хүннү Эйр” авиа компанийн нислэгээр ирэх боломжтой юм. 

“Улаанбаатар хотоос ирэх хүсэлтэй иргэд заавал PCR шинжилгээ өгөх ёстой. Ингэхдээ орон нутагт зорчихоос 48 цагийн өмнө шинжилгээнд хамрагдах бөгөөд хариу гарсан тохиолдолд орон нутаг руу явах эрх баталгаажна гэдгийг журамд тусгасан. Улаанбаатар хотоос орон нутагтаа ирсэн иргэдийг аймгийн онцгой комисс хүлээж авах бөгөөд тухайн иргэд гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлана. Үүний дараа дахин шинжилгээнд хамрагдана. Улаанбаатар хотоос аймгийн төвд ирэхэд дайран өнгөрөх сумдын иргэдийг тухайн сумын онцгой комисс хүлээн авна” хэмээн Онцгой комиссын шуурхай штабаас олон нийтэд мэдээллээ.


Холбоотой мэдээ