Дондогдулам хатны сувдан тоорцог

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sodonizm@gmail.com
2020-11-30 13:11:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Богд хааны ордон музейд буй Улсын эх дагина Дондогдуламтай холбогдох хосгүй үнэт үзмэрүүдээс толилуулж байна.


Музейн сан хөмрөгт Дондогдулам хатны дээл, хантааз, гутал, тамхины хавтага, эрих, зүүлт, маргад шигтгээтэй тоорцог, толгойн боолт, хонх, очир, гавлын ясан аяга зэрэг хосгүй үнэт олон үзмэр хадгалагддаг. 



Маргад шигтгээтэй сувдан тоорцог: Дондогдулам хатны маргад шигтгээтэй, сувдан тоорцгийг Богд хааны ордны урчууд XX зууны эхэн үед урласан бөгөөд эл тоорцог нь хүрэн торгон суурьтай, жижиг сувдан хээн дээр дунд зэргийн сувдыг давхар шигтгэсэн, магнайд алтан суурьтай, очир эрдэнээр хүрээлсэн маргад чулуун шигтгээтэй. Орой дээрх сувдан сампин, шүрэн эм хас хээ, хавчаар, улаан торгон дотор зэрэгт нь хатгамалчдын ур илүү тодордог. 


Энэхүү тоорцгийг өмсөж авахуулсан Дондогдулам хатны гэрэл зураг хадгалагдан үлджээ.


Сувдан шигтгээтэй, хүрэн ягаан чулуун бөнжигнүүртэй, 58 салаа сувдан унжлагатай толгойн боолт: Үүнийг Дондогдулам хатан 1911 оны 12 дугаар сарын 29-нд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Эх дагинад өргөмжлөх ёслолд өмсжээ. 



Дондогдулам хатны сувдан хээтэй хантааз: Дондогдулам хатны сувдан хээтэй хантааз, түмэн наст хээтэй дээл үзэгчдийн сонирхлыг байнга татсаар иржээ.

Холбоотой мэдээ