Биечлэн уулзаж албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авахгүй байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-11-30 12:50:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр Монгол Улсын Засгийн Газар хуралдаж, Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хатуу хөл хорионы дэглэмийг хэвээр үлдээж, харин бусад аймгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон. Энэ шийдвэрийн дагуу нийслэл хот болон дээр дурдсан гурван аймгаас бусад аймаг, орон нутгийн албан байгууллагууд ажил үйлчилгээгээ эхлүүлэхээр болж байна. Иймд ажлын байранд тавигдах эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатайг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр анхаарууллаа.


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Эхний ээлжинд албан хаагч бүр ажилдаа ирэхдээ амны хаалт зүүж, халуунаа хэмжүүлнэ. Албан хаагчид бусадтай биечлэн уулзах, албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авах ажлыг цахимаар эсхүл утсаар зохицуулах шаардлагатай. Энэ нь халдварыг гаднаас тархаахгүй байх урьдчилан сэргийлэх нэг арга юм.


Мөн ажил эхлэхээс өмнө өрөө тасалгааны цонхыг онгойлгож, 15-20 минут агаар сэлгэх, хүн бүр хэрэглэж буй ширээ, сандал болон бусад эд зүйлийг савантай бүлээн ус, белизнагийн уусмалаар арчиж, цэвэрлэх, харин амархан гэмтдэг компьютерын эд хэрэгслийг спирт суурьтай ариутгагчаар цэвэрлэх, хана, шал, хатуу гадаргууг белизнагийн уусмалаар арчиж, цэвэрлэх шаардлагатай.


Аль болох хоорондоо гар барьж, мэндчилэхгүйгээр алсын зайнаас харьцах, хаалга бариул зэрэг хүний гар их хүрдэг газар гараараа хүрэхгүй, тохойгоороо онгойлгож хаах, мөн ариун цэврийн өрөөг цаг тутамд цэвэрлэж, халдваргүйжүүлэх хэрэгтэй.


Ажил эхэлсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагаар 14 хоногт нэг удаа халдваргүйтгэл ариутгалыг зайлшгүй хийлгэх гэх зэрэг албан байгууллагын  халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, коронавирусээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх"-ийг зөвлөлөө. 

Холбоотой мэдээ