Д.Нарангэрэл: Вакцин түгээх, хадгалах төлөвлөгөөг Шадар сайдад хүргүүлсэн

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2020-12-02 11:28:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр, коронавирусний вакцин худалдан авах төлөвлөгөө болон халдвар авсан 11 эмч сувилагчийн биеийн байдлын талаарх сэтгүүлчдийн асуултад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хариулсан юм.


-Монгол Улс коронавирусний вакцин худалдан авахаар төлөвлөж байгаа. Вакцин тээвэрлэх, хадгалах төлөвлөгөөг гаргасан уу?


Д.Нарангэрэл: Коронавирусний вакцин авах асуудлыг энэ сарын 7 сараас эхлэн хэлэлцэж, холбогдох байгууллагуудад асуудал тавьж, бэлэн байдлаа хангаж байгаа. Ингээд вакцин түгээх, хадгалах, дархлаажуулах төлөвлөгөөг гаргаж, Шадар сайдаар батлуулахаар УОК-т хүргүүлсэн. Монгол Улс дархлаажуулалтыг хугацаанд нь хийхээс гадна өмнө нь H1N1-ийн вакциныг ДЭМБ-ын шугамаар хамгийн түрүүнд авч байсан туршлагатай. Энэ туршлагадаа үндэслэн төлөвлөгөө болон бусад бүх зүйлээ бэлдэж байгаа.


-Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвартай 445 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүний 11 нь ХӨСҮТ-ийн эмч, сувилагч байгаа. Тэдний биеийн байдал ямар байна вэ?

А.Амбасэлмаа: ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт нийт 445 хүн байгаагаас 70 гаруй нь зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байна. Эмнэлгийн эмч, ажилтнууд эдгэрч байгаа бөгөөд дараагийн шатны 14 хоногийн ажиглалтад шилжсэн 6, 7 хүн байгаа.

-Гэртээ хэвтэрт байгаа иргэд шинжилгээнд хамруулах боломжтой юу?

Я.Амаржаргал: Хот хооронд иргэдийг зөөж байгаатай холбогдуулан эхний үед суга таягтай, хүн өвчинтэй хүн болон нялх хүүхдүүдийг шинжилгээний цэгүүдэд авч ирж байна. Хэвтэрт байгаа иргэнээ дамжлаад авч ирж байгаа. Тиймээс иргэддээ хүндрэл учруулахгүй зохицуулахаар ажиллаж байна. Хот хооронд зорчих гэж байгаа хүнд өвчинтэй, суга таягтай хүмүүс ЭМЯ-ны 1800-0119 дугаарын утасанд хандаад хаанаас тусламж үйлчилгээ авах боломжтой вэ гэдэг мэдээллийг авч болно.
Холбоотой мэдээ