Я.Содбаатар: Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин авах эхний гурван улсын жагсаалтад орсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-12-02 12:10:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр нийтэд танилцууллаа. Мэдээллийн дараа Шадар сайд болон Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


-Вакцин судлах ажлын багийн тайланг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн үү. Ирэх оны төсөвт Эрүүл мэндийн сайдын багцад тусгасан 20 тэрбум төгрөгт вакцин худалдан авах мөнгө багтсан уу?


Я.Содбаатар: Вакины асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын баг ажиллаж байгаа. ДЭМБ-аас албан ёсоор бүртгэсэн вакцин байхгүй ч Модерна, Файзер, Спутник зэрэг 10 вакцины туршилт амжилттай байгаа. Цаашдаа ДЭМБ-д бүртгүүлэх асуудал яригдаж эхэлж байгаа юм. Тиймээс Монгол Улс вакциныг хамгийн түрүүнд авах орнуудын тоонд орохоор идэвхтэй ажиллаж байна. Монгол Улсын Дархлаажуулалтын тухай хуулиар бол вакцин хийлгэх эсэх нь тухайн хүний сайн дурын асуудал. Бид вакцин авахаар хөрш орнууд болон ДЭМБ-ын Ковакс хөтөлбөр зэрэг 6 чиглэлээр ажиллаж байгаа. Дээр дурдсан вакцинуудын аль нь ч хүүхдэд хийдэггүй. Тиймээс Монгол Улсын 1.3 сая хүүхэд вакцин хийлгэхгүй гэсэн үг. Цаана нь Монгол Улсын 2 сая хүн үлдэнэ. Үүнийхээ 20 хувьд хийх вакциныг ДЭМБ-ын Ковакс хөтөлбөрийн хүрээнд шийднэ. Коваксын хувьд бол бид эхний гурван орны нэг болсон. Вакцин худалдан авах асуудлыг үйлдвэрлэгчидтэй цахимаар хуралдах, гэрээ хэлцэл хийнэ. “AstraZeneca” буюу Оксфордын вакциныг авах эхний 30 орны жагсаалтад бид орж байгаа. Энэ талаар Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хурлаар тодорхой мэдээлэл авсан.


-Сайжруулсан шахмал түлшний нөөц хэр байгаа вэ?


Н.Тавинбэх: Есдүгээр сараас хойш нийслэлийн хэмжээнд сайшруулсан шахмал түлшний өдрийн хэрэглээ 1800-аас 2800 тонн болж өслөө. Өнөөдрийн байдлаар өдөрт 2800-3000 тонн түлш үйлдвэрлэж байна. Сайжруулсан түлшийг үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эдийн нөөц 517 мянган тонн, түлшний нөөц өдрийн үйлдвэрлэдгээс гадна 57 мянган тонн байна. Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлшний нэг сарын хэрэглээ 90 мянган тонн бөгөөд бидэнд хагас сарын хэрэглээний нөөц бий. Шинээр байгуулж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалт 97-98 хувтай байгаа бөгөөд энэ долоо хоногт ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр шахмал түлшний үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэж, төвийн 6 дүүргээс гадна захын дүүргүүдийг түлшээр хангах боломж бүрдэх юм.


-Иргэд шахмал түлшийг тонноор бус шуудайгаар авах нь элбэг. Тэгэхээр шуудай түлшний үнэ буурах уу?


Н.Тавинбэх: Шуудай нүүрсний үнэ ч мөн 50 хувь буурна гэж ойлгож болно.


-Хөл хорионы улмаас иргэд байнга гэртээ байгаа. Үүний улмаас цахилгааны төлбөр их гарна. Шөнийн тарифын хөнгөлөлт үргэлжилж байгаа юу?


Н.Тавинбэх: Эрчим хүчний үнэ нэмэгдээгүй. Цар тахлын үед эрчим хүчний үнийг нэмэхгүй, нэмэгдээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ компанийнханд иргэдийн гомдлыг хүлээн авах утас ажиллуулах, гомдлыг шуурхай шийдвэрлэх баг ажиллуулах үүрэг өгсөн.


-Цар тахлын үед хариуцаж байгаа ажилдаа алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох уу?


Я.Содбаатар: Хариуцлага тооцно. Эрүү, зөрчлийн хэрэг үүсгэх ажил эхэлчихсэн байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын үед амаргүй нөхцөлд төрийн албан хаагч нар ажиллаж байна. Цагдаа нар өвлийн тэсгим хүйтэнд гадаа хэдэн цагаар зогсож байна. Эмч нар халдварын голомтод ажиллаж байна. Дотроо халдвар алдаж байна л гэнэ. Гэхдээ яг ажил хариуцаж байгаа хүмүүсийг бэлэн байдлын үед халж солих нь хэр зохимжтой вэ гэдгийг та бүхэн ч харж байгаа байх.


-Тусгай нислэг үйлдэх төлөвлөгөө бий юу?


Я.Содбаатар: Монгол Улс тусгай нислэгээр 27 мянга гаруй иргэнээ авсан. Энэ сард бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулбал нислэг үйлдэхээр бэлтгэл хангаж байгаа. Энэ хүрээнд аль улсад хэдэн хүн байгааг судалж байна. Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын баг тусгаарлах байруудад хөндлөнгийн үнэлгээ хийж байна.

Холбоотой мэдээ