ДҮРСНИЙ ШИНЭ ХЭЛ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-12-03 18:43:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

 

ЭЗЭН БИЕГҮЙ УУЛЗАЛТ


Энд өгүүлэх гэж буй гэрэл зурагчинтай ер уулзаж байсангүй. Цахимаар холбогдож хэд гурван үг сольсон төдий. Харин цахим хуудас, инстаграмм хаягийг нь дагаж, шинэхэн авсан зургуудыг нь цаг алдалгүй үзэж байсан хүний хувиар ямархуу гэрэл зурагчин болохыг тодорхойлж дөнгөнө. Ер нь урлаг бидэнд бүтээгчээс илүү бүтээлтэй нь харилцах ёстой гэдгийг хором мөч бүхэнд баталсаар ирсэн билээ. Улс үндэстэн бүр хөгжин цэцэглэж, техник технологи хөгжихийн хэрээр уран зургаас илүү камер барьсан дүр төрхийн жинхэнэ эзэд олшрох болсон. Мэдээж, гарт нь камер атгаастай цагт сайн гэрэл зурагчид түүх бүтээж, дурсамж мөнхөлж чадна.


Тэдгээрийн нэг нь гэрэл зурагчин Ё.Чанцалдулам. МУИС-ийг График дизайнерын мэргэжлээр төгссөн тэрээр анх баримтат төрлийн зургуудыг түлхүү авдаг байсан бол сүүлийн үед фэшн болоод конценптуаль төрлөөр дагнах болсон байна. Түүнийг “UB life сайт”-аас “Хүн дүрсүүдийн эзэн” гэж тодорхойлсон. Уг тодорхойлолт нь ч оносон. Хувь хүний зан чанар, дотоод сэтгэлийн зөрчил, байгальтай холбогдох суваг, ахуйн дарамтнаас чөлөөлөгдөх сэтгэлзүйн эрчим хүчийг гэрэл зурагт тод томруунаар харуулж чаддаг нь түүний бусдаас ялгарах онцлог шинж нь билээ. Оюутан байхдаа гэрэл зурагчдын уулзалтанд анх удаа зоригтой шийдвэр гаргаж очтол уралдаан зохиогдох болжээ. Найзынхаа камерыг гуйж зураг авахаар шийдтэл цэнэг дуусаад унтарчихаж. Хажуугийн дэлгүүр лүү гүйж худалдагчаас нь гуйж цэнэг оруулсан боловч тэр өдөр олигтой нэг ч зураг дараагүй байна. Өөртөө ялагдах мэт тэр л мэдрэмж, энэ цэг дээрээс л цааш гэрэл зургаар бүтээл туурвих тэмүүллийг дотроо суулгасан болов уу. Үүнээс хойш жилиийн дараа аав ээжээсээ гуйж байгаад өөрийн гэсэн камертай болов. Ингэж л хүний зан ааш, бие галбир, хөдөлгөөнөөр дүрсний шинэ хэл бүтээгч өвөрмөц нэгэн уран бүтээлч төрсөн нь Ё.Чанцалдулам юм.


Гэрэл зураг өөрийн гэсэн хэлтэй байх ёстой гэж бодогддог. Тэрхүү хэлийг үүсгэгч нь зурагчин хүний харц, бүтээх үйл явцад нь хамгийн түрүүнд гарын хурууд оролцох болов уу. Тэгээд ч  агшин төдийн юмс үзэгдэл бүхэн гэрэл зурагт өөрийн төгс хэлбэрийг олох нь ховор. Дурсамж бүхэн сонгодог зохиол, сэтгэл хөлбөрүүлсэн хөгжмийн эгшиг болдоггүйтэй адилхан. Гол нь өнгөрсөн дурсамжийн зарим хэсэг нь уран бүтээлчид нөлөөлж, цаг ямагт оюуны дасгал болон сэтгэлд нь хүч өгдөг байж болох талтай.


ДӨРВӨЛЖИН ДОТОРХ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЛ



Яг ч дөрвөлжин бус тэгш өнцөгт юм л даа. Монгол гэрийн хаалгыг хэвтүүлээд ажвал тийм л дүрс үзэгдэнэ. Хаалгыг нээхэд хоосон ахуй угтвал нэг тийм бараан мэдрэмж төрөх нь ойлгомжтой. Харин тэнд ямар нэгэн амьд организм өөрийн чөлөөт хүслийн зоргоор оршин байвал тодорхой нэг цэгт давхацсан шугамууд хөдөлгөөнд орж түүгээр л мөнөөх хоосон хаалга дүүрэх учиртай. Тэрхүү зургийн тухай ярилцъя.


Цас орж байна. Тогтуухан, зөөлнөөр хөвсгөр цасан ширхэгүүд нисэлдэнэ. Цаана нь монгол гэрийн хаалга. Хаалган дотор дүүрэн инээмсэглэл. Зургийг ингээд тодорхойлчихож болно. Энгийн нэг тоочилт маягаар шүү дээ.


Харин Ё.Чандалдулам загварын зургууд дарахдаа илүү ч гэсэн энэхүү бүтээлийг үзсэн хэн бүхний зүрх сэтгэлд эмээгийнх нь дотно, дулаан дүр төрх буух биз ээ. Шинэ санаа үргэлж баримттай холбогдож байдаг. Баримтат юм уу, хөрөг зурагчид шинэ зураг авахаар бодож төлөвлөсөн бол энэ нь бодитой баримт нэхэж шаардана гэсэн үг. Тиймдээ ч монголчууд эртнээс байгальтайгаа нарийн уялдаа холбоотой байсныг цас орох үзэгдэлтэй хослуулж, цайлган сэтгэлийн инээмсэглэл цасны өнгийг ч мөн хооронд нь уялдуулжээ. Уг зурагт Увс аймгийн Зүүнхангай сумын иргэн М.Түвшинжаргал ач, зээ нарын хамт буусан нь ийм нэгэн дүүрэн инээмсэглэл будруулсан зураг бий болжээ.


ЗУРААЧ




Түүний зургуудыг нь ганцхан сэдэвт зангидаж болно. Басхүү олон хэсэгт хувааж төрөл зүйл болгон ангилж ч болно. Гэхдээ нэг л цэг дээр авчирч бөөгнөрүүлэхэд бүтээлийн ихэнх нь “хүн” гэх сэдэвтэй байх болов уу. Нэгэнтээ түүнийг камерын талбайн аль нэг өнцөгт нь хүний дүр буугаагүй зураг авсан байдаг бил үү хэмээн эргэлзэж байсан удаатай. Мэдээж тийм зургууд олон. Нийтэд дэлгээгүй, зарим нь хэзээ ч дэлгэгдэхгүй бүтээлүүд ч байж мэднэ. Харин уран зураач бийрээ голын урсгалтай нийцүүлэн долгиолуулж татсан мэт, хослосон өнгөний зөөлөн нийлмэл аясаар будаж бүтээсэн шиг сэтгэгдэл төрүүлдэг байгалийн гэрэл зургууд нь хачин гоё.  


Гэтэл нөгөө талд нь “хүн” бий. “Хөлийн чимээнээр ятуу дэрхийн нисэхтэй адил бидний үйлдлээс үнэт чанар үүсдэг” хэмээн Жан Поль Сартр хэлсэн байдаг. Ер нь Ё.Чанцалдуламын хүмүүсийн сэдэвтэй баримтат зургууд нь ямар нэг элдэв чимэг, камерын өмнө гоёж гангалаад гарчихсан дүрслэл үгүй, яг үнэн төрхөөрөө байдаг. Оршин байхуйн гол утга нь хачир чимэггүйгээр тодорч харагддаг нь баримтат гэрэл зургийн онцлог юм. Уг зургууд тухайн хүнийг хүрээлэн буй орчноос нь кадраар тасалсан хэсэгт л бусдаас эрс ялгамжит шинжийг олно. Нөгөөтэйгүүр заримдаа хачин чимээ аниргүй, дүнсгэр мэдрэмж төрүүлэх нь ч бий. Чимээгүйгээс ургасан дүр л хэзээд үнэн байдаг.




Мөнхүү “Уран нугараач хүүхдүүд”-тэй хамтарч ажилласан нэг концепц ажил бий. Хүүхдүүд тодорхой цэгийн гадуур тойрог үүсгэн арагш нугарч буй нь цагаан цэцгийн цоморлог нээгдэх шиг үзэгдэнэ. Негативыг тодруулах хороор дамжуулсны дараа гэрэл мэдрэх цаасан дээр гэрлийн тусламжтайгаар буулгахад зөв дүрс гардаг. Уг дүрсийг бид “позитив” буюу гэрэл зураг хэмээн нэрлэсээр олон жилийг ардаа үдсэн. Гол нь энэ бүхэн хүний аж төрөхүйд туссан гэрэл болоод сүүдрийн олон шинж чанарын үүтгэл болж байна. Бараан өнгө ямагт л таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Тэгвэл дээр нь эсрэгцэл нэмээд өгчихөж болно. Тэгэхдээ бараан өнгөтэй сүлэлдэхүйц жаахан гэгээлэг өнгө байж болохгүй. Ингэвэл ур дүй муутай, ядруухан зураг бий болно. Харин эрс шийдэмгийгээр өөрчилж байж л шинэ сэргэг өнгө төрхийг олно. Яг л уран нугараач хүүхдүүд Ё.Чанцалдуламын гэрэл зураг хар шороон хөрснөөс ургаж буй цагаан дэлбээт цэцэг шиг харагдаж буйтай адилхан.


ДУРСАМЖ БА БҮТЭЭЛИЙН ДОТОГШ




Түүний нийтлэгдэж байсан ярилцлагуудыг харж суухуй дор сэтгүүлчийн тавьсан “Чамайг бусадтай сайн ойлголцдог хүн гэж дүгнэж болох нь?” гэсэн асуултанд “Амьдрал дээр биш, зураг авахдаа л тийм байх” гэснийг олж уншиж билээ. Зарим уран бүтээлч бусадтай амьд харилцаа өрнүүлэхдээ тааруу ч бүтээл нь эзнийхээ өмнөөс хүмүүстэй ойлголцдог тухай барим тавим, басхүү үнэн бодит жишээ олон тааралддаг. Тийм хүмүүсийн бүтээл, туурвил цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэ цэн нь өссөөр байдаг.


Усны ургамал дунд хэвтэх залуухан эмэгтэй зураг. Байгальд уусан сүлэлдэх олон өнгө төрхийн нэг нь гэрэл зурагт буусан нь энэ. Гэхдээ зургийн дээд өнцөг, толгой урвуу харсан байдалтайгаар буужээ. Магадгүй хэзээ нэгэн цагт хүн өөрөө байгальд шингэх жам ёсыг сануулна. Нөгөөтэйгүүр урсгал усны намуухан долгио, өвсний намилзаан, эмэгтэй хүний уян зан чанарыг ижилсүүлэн нэг дор буулгасныг ч давхар харж болно.


Зарим уран бүтээлч дурсамжаа зүгээр л мартаж орхидог. Өөрт бодогдоод буйг нь тасчиж хаяхыг хичээдэг. Харин зарим нь өнгөрүүлсөн амьдралын дурсамждаа элгэмсэг хандах нь бий. Мэдээж дурсамжууд урлагийг бүтээдэггүй. Харин урлаг бүтэхэд томоохон түлхэц болдог. Ё.Чанцалдулам Монголын уламжлалт нүүдэлчин аж ахуй, байгальтай ойр өссөн нэгэн. Магадгүй энд хувцас загвар, түүний захиалгын ажлуудыг оролцуулахгүй зөвхөн урлагийн талаар хүүрнэх юм бол  хүн сэдэвтэй бүтээлийн ихэнх нь байгальд өрнөсөн үйл явдалтай зэрэгцсэн байдлаар гэрэл зурагт буусан байдаг. Дурсамж дундаас нь нэгэн эмэгтэй босоод нов ногоон ойн жимээр эцэж цуцталаа гүйсний хойно уудам дэвсэгт гарч ирээд хэвтээд өгөх мэт. Хооронд нь холбоод уншчихаж болмоор зургууд их бий. Яг л дурсамжууд нь хаа нэгтээгээс ганц, хоёроороо шүүрэгдэж байх шиг... Тэдгээр нь заримдаа хачин уянгалаг дуу хоолойтой, зарим үед хөндүүр төрүүлж, айдас дотор хүлж орхих нь бий.






Тиймдээ ч түүний авсан гэрэл зургууд өөрийн гэсэн “хэл”-тэй байдаг. Харин дан ганц хүний бус байгалийн хэл, дуу хоолой нь илүү зонхилдог болов уу гэж сэтгэгдэнэ. Ямартаа ч тэр биетийн хөдөлгөөн, дотогш өнгийсөн утга санааны нэгдлээр дүрсний шинэ хэлийг бүтээдэг уран бүтээлч мөн билээ.

Холбоотой мэдээ