Хонконгийн хэвлэлийн магнат Жимми Лайн компанийн хувьцаа өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн сөрөг хүчний хэвлэлийн магнат Жимми Лай баривчлагдсаны дараа түүний эзэмшдэг “Next Digital Media” компанийн хувьцаа 60 хувиар өсжээ.
Энэ тухай Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээлэлд дурджээ. Түүнийг цагдан хорьсон тухай мэдээлэл гарсны дараа компанийх нь хувьцаа 60.26 хувиар өсөж, нэг ширхэг хувьцааны үнэ 0.375 хонконг доллар болж нэмэгджээ.
Жимми Лайг луйврын хэрэгт буруутгаж, 4 дүгээр сарын 16-нд болох дараагийн шүүх хурал хүртэл түүнийг цагдан хорихоор болсон юм. Дэмжигчид нь Лайд туслахыг хүссэн учир тийнхүү компанийх нь хувьцаа өссөн гэж ажиглагчид үзэж байна.
Өдгөө 72 настай Жимми Лайг энэ онд хэд хэдэн хэрэгт холбогдуулан буруутгажээ. Тухайлбал, гадны хүчнүүдтэй үгсэн тохиролцсон, Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг зөрчсөн хэмээн сэжиглэж байна.
Сөрөг хүчний зүтгэлтэн Жимми Лайг өнгөрсөн онд Хятадын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт болсон засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг зохион байгуулагчдын нэг үздэг. Тэрбээр АНУ-ын улс төрийн элитүүдтэй нягт харилцаа холбоотой байдаг аж. Өнгөрсөн оны 7 дугаар сард түүнийг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майкл Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нар хүлээн авч уулзсан байна.