Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдэд хариуцлага тооцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-12-04 19:37:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шилжсэнээс хойш хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдэд хариуцлага тооцож байна. Зөвшөөрөлгүй ирсэн иргэдийг тусгаарлах, архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан ААНБ-ын тусгай зөвшөөрлийг цуцлах, худал мэдээлэл тараасан иргэнийг илрүүлэн шалгах зэргээр хариуцлага тооцжээ.  

 

Тодруулбал, тус аймагт зөвшөөрөлгүй ирсэн 29 иргэнийг өөрсдийнх нь зардлаар тусгаарлах байранд тусгаарлан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. 12 дугаар сарын 4-ний байдлаар “Сод” зочид буудалд гурав, Эрдэнэцагаан суманд гурав, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хоёр иргэнийг тусгаарлан ажиглаж байна.

Мөн аймгийн Засаг даргын захирамж зөрчиж согтууруулах ундаа худалдан борлуулсан хоёр аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулж, гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан зургаа, худал мэдээлэл тараасан нэг зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулсныг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ