Т.Мөнхсайхан: “COVID-19” халдварын вакцинд зориулж 47 тэрбум төгрөг төсөвлөсөн

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-12-05 14:40:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19 халдварын эсрэг вакцины талаар ямар байр суурьтай байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.


-ЭМЯ “COVID-19 халдварын эсрэг вакцины захиалга, бэлтгэлийг хэрхэн хийж байгаа вэ?
-Коронавируст халдвар гарсан цагаас эхлэн улс орнууд судалгаа хийж, вакцины талаар ярьж, үр дүнтэй, чанартай, аюулгүй вакциныг дэлхий нийтээрээ хүлээж байна. Монгол Улсын хувьд “Дархлаажуулалтын тухай хууль”-тай дэлхийн цөөн орны нэг. Манай улс хүн амаа дархлаажуулалтад хамруулах ажлыг олон жилийн хугацаанд өөрийн тогтсон мэргэжлийн баг, бүтцээр дамжуулан хийдэг системтэй болсон. Үүний нэг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын алба юм. Харин COVID-19 халдварын эсрэг вакциныг сонгох, судлах, захиалга хийх бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэд хэдэн ажлын баг ажиллаж байна. Эдгээр ажлыг ЭМЯ-ны дэргэдэх Дархлаажуулалтын зөвлөх хороо удирдан чиглүүлж, мэргэжил арга зүйгээр хангаж байна.

Ард иргэдээ коронавирусний вакцинд хамруулах төлөвлөгөөний дагуу энэ оны төсөвт тодотголоор 20 тэрбум, ирэх оны төсөвт 27 тэрбум гээд нийт 47 тэрбум төгрөг тусгасан. Мөн нэмэлт санхүүжилтэд Дэлхийн банк болон бусад донор байгууллагуудтай хамтран ажиллана. Дэлхийн банк вакцины нийлүүлэлтэд илүү оролцоотой байдаг учраас бидэнд цаг алдахгүй авах боломжийг олгох юм. Вакцин авах хүсэлтээ албан ёсоор өгсөн, нийлүүлэлт хийнэ гэдгээ бидэнд илэрхийлсэн.

-ДЭМБ-аас ямар зөвлөмж өгч байгаа вэ?

-ДЭМБ-аас 11 дүгээр сарын 16-нд гаргасан удирдамж, зөвлөмжийн дагуу үндэсний хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах ажлыг зохион байгуулах удирдамж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг шинэчлэн боловсруулж байна. Энэхүү удирдамжийн хүрээнд вакциныг хүлээн авснаас хойш нэг долоо хоногийн хугацаанд дархлаажуулалтын нэгжид хүргэж, зорилтот бүлгийн хүн амыг богино хугацаанд вакцинжуулах, шинэ вакциныг хэрэглэх талаар эрүүл мэндийн ажилтныг сургах зэрэг цогц үйл ажиллагааг зохион байгуулна. ДЭМБ-аас боловсруулсан вакцин нэвтрүүлэх бэлэн байдлын үнэлгээний аргачлалын (VIRAT) дагуу үнэлгээг хамтрагч байгууллагууд болон олон улсын байгууллагуудын оролцоотой хийж, төлөвлөгөөний дагуу ВДГА байгууллагад хүсэлт хүргэнэ.


-“COVID-19 халдварын эсрэг вакцинд хамрагдах зорилтот бүлэгт ямар хүмүүс орох вэ?

-Дархлаажуулалтын хуульд “заавал хийх дархлаажуулалт”, “нөхөн дархлаажуулалт”, “нэмэлт дархлаажуулалт”, “сайн дурын дархлаажуулалт”, “тархвар судлалын заалт”-аар дархлаажуулахыг заасан байдаг.  Эдгээрийн “тархвар судлалын заалт”-аар буюу халдварт өвчний голомтод сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний үндэслэлээр хийнэ. 

Аливаа вакцинд хүн амыг хамруулахдаа дэлхий нийтэд баримталж буй чиг хандлага, дархлаажуулах стратеги, үйлдвэрлэгчийн заавар, халдварын тархвар зүйн судалгаа зэрэг шинжлэх ухаанч нотолгоонд тулгуурлан маш хянамгай байдлаар тухайн вакцинд хамруулах хүн ам, зорилтот бүлгийг тодорхойлдог. Олон улсад COVID-19 вакцинд зорилтот бүлэгт уушги, зүрх судас, бөөрний эмгэг, хавдар, чихрийн шижин өвчний 1, 2 дугаар зэрэгтэй архаг суурь өвчтэй хүмүүс,  60-аас дээш насныхан, халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, тусгай чиг үүрэг бүхий ажил мэргэжлийн хүмүүс, албан хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийг хамруулахыг санал болгосон. Харин 18 хүртэлх насны хүүхдийг хамруулахгүй бөгөөд манайд энэ насны 1.2 сая хүүхэд байна.
 
-Манай улсад COVID-19 халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ дэлхийн улс орнуудын жишгээс ямар түвшинд байна вэ?

-Дэлхий нийтийг хамарч буй цар тахлын үед улс орнууд өндөржүүлсэн, хатуу хөл хорионы зарчмаар урьдчилан сэргийлэх, эрсдэл багатай даван туулахыг хичээж байна. Бид ч мөн энэ сургамж, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шаардлагатай бүх арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. ДЭМБ-аас мэдээлснээр, “COVID-19 халдвараас сэргийлэх чиглэлд 48 вакцин эмнэлзүйн туршилт судалгаанд, 164 вакцин эмнэлзүйн туршилт судалгааны өмнөх шатанд явж байна. Эмнэлзүйн туршилт судалгаанд орсон 48 вакцинаас 21 вакцин I дэх шатанд, 13 вакцин I-II дахь шатанд, 3 вакцин II дахь шатанд, 11 вакцин III шатны судалгааг давж гарахад нэлээн ойртоод байна.

Монгол Улс цөөн хүн амтай, нөгөө талаар эдийн засгийн болон эрүүл мэндийн салбарын өнөөгийн чадавхаа тооцон Монгол Улсын Засгийн газраас боломжит бүх арга хэмжээг авч ажиллаж байна. COVID-19  халдвар гарснаас хойш вирусний халдварыг эрт илрүүлэх антиген суурьтай түргэвчилсэн сорил, халдварын дараах эсрэг бие, иммуноглобулин (IgM,IgG) оношлох, эмчлэх аргууд гарсан. Үүний дагуу бид оношилгоо, илрүүлгийг хийж байна.

Өнөөдрийн манай улсын ашиглаж буй оношилгооны систем, оношлуур нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн улс орнуудаас албан ёсны бичигтэй нь авч байгаа. 

Бид эрүүл мэндийн тогтолцоо, үр нөлөөний судалгаа хийн урьдчилсан үр дүнг тооцон, судалгааг өргөжүүлж байна. Энэ талын судалгааг тасралтгүй хийж, ололт, сургамж дээрээ дүгнэлт хийн сайжруулах талаар анхаарна.

 

Холбоотой мэдээ