Жирэмсэн байхдаа халдвар авсан эмэгтэйн хүүхдэд эсрэг биет үүсжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-12-05 17:12:56

ВАШИНГТОН. /Science Alert/. Сингапурын иргэн Селин Нг-Чан энэ оны гуравдугаар сард буюу жирэмсний 10 дахь долоо хоногтойдоо “COVID-19”-өөр халдварласан хэмээн оношлогджээ.


Тухайн үед коронавирус жирэмсэн эмэгтэйчүүд болон тэдний урагт хэрхэн нөлөөлөх талаар мэдээлэл дутмаг байсан юм. 


Харин одоо Нг-Чан амаржсан бөгөөд 11 дүгээр сарын эхээр Алдрин нэртэй хүүгээ төрүүлсэн нь жирэмсэн байхдаа халдвар авсан эмэгтэйчүүдэд итгэл найдвар төрүүлж байна.


“Алдрин халдваргүй төрснөөс гадна би жирэмсэн үедээ коронавирусээр халдварласантай холбоотойгоор түр зуурын хамгаалах эсрэг биеттэй төрсөн” гэж Нг-Чан “Strait Times” сонинд мэдээлжээ. Тэрбээр амаржих үедээ эдгэрсэн байжээ.


“Би жирэмсний эхний гурван сардаа буюу хамгийн тогтворгүй үедээ халдвар авсныг үл харгалзан жирэмслэлт, төрөлт маань хэвийн явагдсан. Хүү маань эрүүл саруул байгаад маш их баяртай байна” гэж Нг-Чан ярьжээ.


"Энэхүү тохиолдол нь “COVID-19” эхээс урагт дамжих тохиолдол ховор байж болохыг, мөн халдвар авсан эхээс төрсөн нярай ямар нэгэн байдлаар хамгаалах эсрэг биеттэй төрж болохыг харууллаа" гэж доктор Жессика Мадден “Insider” цахим хуудсанд мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ