Эдийн засгийг тэнцвэржүүлж, байгаль орчны сорилтод тэсвэртэй байхад чиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-07 19:12:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-өөс Зөвлөх хорооны хоёрдугаар уулзалтыг дотоодын болон олон улсын оюуны манлайлагчидтай цахимаар өнөөдөр хийв. Уулзалтаар Монгол Улс дахь "COVID-19"-ийн цар тахлын үр нөлөөг системийн аргачлалаар дамжуулан шийдвэрлэх боломжтой талаар хэлэлцлээ.

"COVID-19"-ийн цар тахал дэлхий дахинд төдийгүй Монгол Улсад урьдчилан харж, таамаглашгүй олон сорилтыг бий болгосон. Үүнээс үүдэн хөгжлийн шийдлийн тухай уламжлалт болон анхдагч арга барилуудыг яаралтай шинэчлэх шаардлагатай болж буйг уулзалтаар хөндлөө. “Цар тахлын дараах ирээдүй одоог хүртэл тодорхой бус байна. Гэхдээ бидний зүгээс Монгол Улсын хувьд санал болгох гарц болон шийдлүүд нь ард иргэдийн нэр төртэй амьдрал, дахин тэнцвэржүүлсэн эдийн засаг болон байгаль орчны сорилтод тэсвэртэй байх чадварыг тэтгэх тал руу чиглэн ажиллана. Иргэн бүр, эмэгтэй, эрэгтэй, охид залуучууд үр өгөөжийг нь хүртэснээр Монгол Улс илүү сайхан ирээдүйн хөгжлийн замналдаа орж чадна” гэдгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич уулзалтыг нээж хэлэхдээ онцоллоо. 

Тэрээр, “Монгол Улсын хөгжлийн төлөөх хувьслын аянд ороход дэмжлэг үзүүлэхээр ажиллаж буй Зөвлөх хороонд гишүүд, итгэлт түншүүд та бүгдийн оролцоогүйгээр энэхүү зорилгуудад хүрэх боломжгүй. Өнөөдөр энд шинээр илэрч буй сонголтуудыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж буй оюуны манлайлагч та бүхэнд талархаж байна” гэсэн юм. 

Дэлхий нийтэд тавигдан хэрэгжүүлж буй Тогтвортой Хөгжлийн зорилгууд (ТХЗ)-д цар тахын үзүүлэх үр нөлөөний тухай НҮБХХ-өөс эрхлэн гаргасан шинэхэн судалгааны дүнгээр дэлхий даяар нийт 207 сая хүн "COVID-19"-ийн цар тахлаас үүдэн ядууралд өртөх эрсдэлтэй байна. Гэхдээ ТХЗ-уудад оруулах хөрөнгө оруулалтаа засаглал, нийгмийн хамгаалал, ногоон эдийн засаг болон дижитал чиглэлд илүү нэмэгдүүлж чадвал 2030 он гэхэд хамгийн эмзэг улс орнуудын 146 сая иргэнийг нэн ядуурлаас хамгаалж чадахаар байна. 


Дэлхий дахинд төдийгүй Монгол Улсад цар тахлын учруулж буй нийгэм-эдийн засгийн сөрөг үр нөлөөнөөс үүдэн НҮБХХ 2020 оны эхэн үеэс шийдэл боловсруулагчаас шийдлийг хамтран хэрэгжүүлэгч болохоор илүү идэвхитэйгээр системийн аргачлалыг хөгжүүлэн ажиллаж байна. Цар тахлын сөрөг үр дагаврууд нь Монгол Улсын сайн сайхан, хэнийг ч орхихгүй ирээдүйг бий болгоход өнөөгийн системийн дутагдалтай, эмзэг байдлыг илчилсэн юм.

Зөвлөх хороо нь өнөөдөр Монгол Улсын өмнө тулгараад буй сорилтуудыг өөр, илүү шинэлэг логик болон аргачлалаар шийдвэрлэхийн чухлыг агуулсан системийн хувьслын боломжит шийдлүүдийн тухай хэлэлцлээ. НҮБХХ уур амьсгалын өөрчлөлт, "COVID-19"-ийн цар тахал, болон өсөн нэмэгдэж буй нийгмийн тэгш бус байдал зэрэг илүү олон төрөл зүйл болон өргөн цар хүрээг хамарсан сорилтуудыг шийдвэрлэхэд илүү идэвхитэй, санаачлагатайгаар системийн хувьслыг ашиглан ажиллаж байна.


Холбоотой мэдээ