Д.Нарангэрэл: ДЭМБ коронавирусний вакциныг богино хугацаанд баталгаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-08 11:30:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нараас коронавирусний вакцины асуудлаар манай сэтгүүлч тодрууллаа. 


-ОХУ-д иргэдээ вакцинжуулаад эхэлсэн. Индонези улс Хятадаас вакцин хүлээн авч эхлээд байна. Манай улсын хувьд, ДЭМБ-ын баталсан вакциныг хэрэглэнэ гэж байгаа. Тэгэхээр чухам хэзээнээс ДЭМБ одоо хөгжүүлж буй вакцинуудыг хүлээн зөвшөөрч батлах ирээдүй харагдаж байна вэ, тодорхой мэдээлэл өгнө үү?

-Тантай санал нэг байна. Дэлхийн олон улс орнууд, ялангуяа ОХУ, Индонез, Их Британи улс хүн амаа дархлаажуулж эхэлсэн байна. ДЭМБ-аас тухайн вакцинд өгөх баталгааг удаан хугацааны дараа олгодог. Гэхдээ коронавирусний цар тахалтай холбогдуулан ДЭМБ-аас богино хугацаанд вакциныг баталгаажуулна гэсэн мэдээлэлтэй байна.


-Коронавирусний вакцинууд жил хүрэхгүй хугацаанд гарч байна. Манай улсад хийж буй төлөвлөгөөт вакцинуудыг ямар хугацаанд судалж гаргасан байдаг вэ?

-Ер нь вакцины хөгжүүлэлт 10-15 жил, түүнээс ч олон жил байдаг. Гэхдээ цар тахалтай холбоотой вакциныг харьцангуй богино хугацаанд хөгжүүлж байна. Манай улс 0-15 насны төлөвлөгөөт вакцинжуулалтыг хийхдээ, Засгийн газрын хөрөнгөөр, ДЭМБ-ын зөвшөөрөлтэй вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан авдаг. 


-Ер нь зарим улс хэд хэдэн төрлийн вакцин сонгохоо мэдээлж эхлээд байна. Вакцин сонгохдоо иргэдийн саналыг авч болох уу. Жишээлбэл, АНУ иргэдээсээ вакцин хийлгэх эсэх талаарх судалгаа, санал асуулгыг байнга явуулж байна шүү дээ?


-Тархвар судлалын заалтаар хийж байгаа вакциныг иргэдийн сайн дурын үндсэн дээр хийдэг. Тиймээс коронавирусний вакциныг иргэд сайн дураар хийлгэнэ. Томуугийн вакцин болон коронавирусний вакцин хийлгэх эсэх интернэт асуумж, судалгааг тогтмол явуулж байгаа.

Холбоотой мэдээ