Хууль, тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-08 18:11:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн цахим хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжлээ.


Тогтоолын төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөлд Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүх, Улсын прокурорын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг холбогдох байгууллагаас санал авч нэгтгэснийг дурдав. Үүний зэрэгцээ өмнө нь УИХ 5 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж, хэрэгжүүлж байсан гэв. Тухайлбал, Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийт 118 хууль боловсруулж батлахаар зааснаас 62 нь, 2004 он хүртэлх Үндсэн чиглэлд 138 хууль зааснаас 96 нь, 2008 он хүртэлх Үндсэн чиглэлд 125 хууль зааснаас 96 нь , 2012 он хүртэлх Үндсэн чиглэлд 174 хууль зааснаас 93 нь, 2020 он хүртэлх Үндсэн чиглэлд 201 хууль зааснаас 96 нь  тус тус батлагдсан байна. 


“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөлд нийт 149 хуулийн төсөл, УИХ-ын 12 тогтоолын төсөл тусгагдсан. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслөөс 2020 онд 35, 2021 онд 81, 2022 онд 21, 2023 онд 12, УИХ-ын 12 тогтоолын төслөөс 2020 онд 3, 2021 онд 3, 2022 онд 4, 2023 онд 2 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслийн 54 нь шинэчилсэн найруулга, 43 нь анхдагч хуулийн төсөл, 42 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 10 нь олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл байгааг танилцуулгад дурджээ. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил, С.Амарсайхан, Ц.Мөнхцэцэг, Н.Алтанхуяг нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, мансуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг 2018 оноос хойш боловсруулан бэлэн болсон байхад хугацааг нь 2021 оны 4 дүгээр улиралд тавьсан шалтгааныг лавлав. 


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын 2021 оны хаврын чуулганаар бизнесийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэсэн хуулийг төслүүдийг өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар согтууруулах ундааны хууль бус эргэлтэд хяналт тавих буюу хуучнаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барина. Энэ хуулийн төсөлд архины хамааралтай болсон хүнийг хэрхэн эрүүлжүүлж эдгээх, үндэсний тогтолцоог бий болгохоор тусгасан. Үүний дараа Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, мансуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн гэж хариулж байлаа. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэхдээ, “Тогтоолын төслийг дэмжиж байна. Олон зуун хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бус зайлшгүй шаардлагатай хуульд өөрчлөлт оруулж, цаашлаад хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгахад салбарын яам анхаарах шаардлагатай” гэв. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын баг байгуулбал ажиллахаа мэдэгдээд “Хавсралтад дурдсан хууль тогтоомжийн жагсаалтыг нийгэмд үзүүлэх ач холбогдол, цаг хугацаа  зэргээр нь эрэмбэлэх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийллээ. 


Ингээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдгийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн. Ийнхүү энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Холбоотой мэдээ