Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Өндөр Гонгорын эдлэл хэт хутга

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-12-10 09:55:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хамгийн өндөр хүний нэг Пүрэвийн Гонгорын эдлэл хэт хутгыг танилцуулж байна.



Он цаг: XX зууны эхэн Материал: мөнгө, агар, булигаар Жин:3,634 грамм. Агар модон хуйны мөнгөн дугтуй дээрээ арван хоёр жил, эвэр угалз хээтэй, сийлбэр мөнгөн тольттой суман модон бариултай ган хутга эдлэл хэрэглэл юм.


Ард олны дунд өндөр Гонгор хэмээн алдаршсан тэрээр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт 1880 оны эхээр төржээ.

Түүний биеийн өндөр, бяр чадлын талаар домог болсон хууч яриа хөөрөө, гадна дотно хүмүүсийн бичиж үлдээсэн тэмдэглэл, дүрс, зураг цөөнгүй байдаг. Тэрбээр 4 хүүхэдтэй байжээ.

Түүний охин Г.Бүдханд сэрүүн тунгалаг байхдаа 1997 оны намар”... Миний аавын эцэг Пүрэвийнх олон хүүхэдтэй айл байсан гэдэг. Аав тэдний 3 дахь хүүхэд нь юм. Аав багадаа тийм ч өндөр байгаагүй, харин гарын сарвуу урттай байсан гэдэг. Аав хоол их иддэг болохоор түүнийг жаахан шоолонгvй байжээ. Тиймээс аав жинчин дагаад Их Хүрээ явчихсан гэсэн. Хүрээнд очоод нэлээд удсан юм байх. Нэг өдөр зах дээр явж байтал нэг хүн ирж, таныг Богд хаан аваад ир гэсэн гээд дагуулаад явж гэнэ. Ордныхон аавын биед тохирсон хувцас хийлгэж, бүрэн хувцаслаад, минжин малгай өмсгөсөн гэдэг. Нэлээд удсан хойно хоёр лам дахин ирж, дагуулан айлд очин, нэгэн эмэгтэйтэй уулзуулжээ. Богд эзэн: Та хоёрын заяа төөрөг таарах учир айл гэр бол гэсэн" хэмээжээ. Аавыг ингэж Богд хаан гэрлүүлсэн гэдэг. Миний ээж их уран хүн байсан бөгөөд Богд эзний малгайг оёдог байсан гэж ярьсныг тэмдэглэн авч, тухайн үед "Ардын эрх" сонинд нийтлүүлсэн юм. Богд хаан Гонгорыг их сангийнхаа даамал, Богдын зааны маллагчаар ажиллуулж байсан гэдэг. Ардын хувьсгалын дараа түүнийг Гаалийн хороонд байцаагчаар хэсэг хугацаанд ажиллуулсан байна...” хэмээн хуучилсан байна.

1920-иод оны үед Монголд шинжилгээний ажлаар явж байсан АНУ-ын эрдэмтэн Рой Чэпмэн Эндрюс Гонгортой уулзаж зургийг нь авч, өндрийг нь хэмжиж, 2 метр 41 см гэж тодорхойлжээ.

Хосгүй өндөр байсан тэрээр моринд мордохдоо дөрөөлөлгүй хөлөө шууд давуулаад мордчихдог байжээ. Өндөр Гонгорын түүхтэй холбоотой хөөрөг, хэт хутга зэрэг нь Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Холбоотой мэдээ