“AstraZeneca” компанийн вакциныг Энэтхэгт хэрэглэх зөвшөөрөл олгохоос татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-10 12:23:58

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн “AstraZeneca” болон Энэтхэгийн “Bharat Biotech” компанийн коронавирусний вакциныг Энэтхэгт хэрэглэх зөвшөөрлийг олгохоос түр татгалзсан байна. Энэ тухай “NDTV” телевиз Энэтхэгийн эмийн стандартын хяналтын төвийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.


"Вакцинуудын аюулгүй байдал, үр дүнгийн талаарх мэдээлэл дутмаг байсан тул хоёр саналыг хоёуланг нь хүлээж аваагүй. Хоёр компаниас нэмж мэдээлэл өгөхийг хүссэн" гэж эх сурвалж хэлсэн байна.


Энэтхэгт коронавирусний вакцин ашиглах тусгай зөвшөөрөл олгох гурван компанийн хүсэлтийг тус улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулагч байгууллага лхагва гарагт хэлэлцэнэ гэж өмнө нь мэдээлж байсан юм. Энэтхэгийн эрх баригчдаас тус улсын “Bharat Biotech” компани, Ийлдэс судлалын хүрээлэн, мөн Америкийн “Pfizer” компани тусгай зөвшөөрөл хүсжээ.


“Bharat Biotech” компанийн “Covaxin” вакцин нь Энэтхэгийн гурван вакцины нэг юм. Тус компани вакцинаа Энэтхэгийн анагаах ухааны эрдэм шинжилгээний зөвлөл болон Вирус судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран бүтээжээ. “Pfizer” компани өөрсдийн вакцинаа, харин Энэтхэгийн Ийлдэс судлалын хүрээлэн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран гарган авсан вакциныг санал болгосон байна.  


Оросын "Спутник V" вакциныг оруулаад Энэтхэгт  нийтдээ коронавирусний найман вакциныг туршиж байгаа юм.


Холбоотой мэдээ