Б.Жонсон: Их Британи ЕХ-ноос гэрээгүйгээр гарах магадлал “өндөр” байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-12-11 09:27:35

ЛОНДОН. /BBC/. Их Британи Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гарсны дараа худалдааг хэрхэн зохицуулах тухай гэрээг талууд байгуулж чадахгүй байх “өндөр магадлалтай” байна гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ.


“Аж ахуй нэгжүүд болон олон нийт ийм үр дүнд бэлтгэх цаг ирлээ” гэж Б.Жонсон Брюссель хотод болсон уулзалтаас хойш анх удаа үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч ЕХ-той гэрээ байгуулахын тулд үлдсэн гурван долоо хоногийн хугацаанд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргахаа тэрбээр амлажээ.


Их Британи ЕХ-ны худалдааны дүрэм журмыг мөрдөх хугацаа 12 дугаар сарын 31-нд дуусахаас өмнө гэрээ байгуулахыг зорьж байгаа юм. Хоёр талын төлөөлөгчид эрчимтэй яриа хэлэлцээ өрнүүлсэн боловч өрсөлдөөний дүрэм, загасчлалын эрх зэрэг гол салбаруудад санал зөрөлдсөн хэвээр байна.


Б.Жонсон Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйентай лхагва гарагт уулзсан боловч ахиц дэвшил гараагүй юм. Ерөнхий сайдын мэдээлснээр, ЕХ Их Британийг энэ оны эхээр бүрэлдэхүүнээсээ гарсныг үл харгалзан 27 гишүүнийхээ нэг мэт байлгахыг эрмэлзэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ